
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засгийн газар гадаадаас ажиллах хүч оруулж ирэх гэж байгаатай холбогдуулан гүтгэлгийн чанартай ташаа мэдээлэл гарч байна.
Үүнтэй холбоотой бодит мэдээллийг хүргэж байна” хэмээн хэвлэлийн хурлынхаа эхэнд хэллээ.
Манай улсад жилд нийт 82 улсаас иргэд ирж хөдөлмөр эрхэлдгийн ихэнх нь Хятад, БНСУ-аас ирэх ажиллах хүч байдаг аж. Энэ талаар Ж.Мөнхбат “Аль ч Засгийн газрын үед гадаадаас ажиллах хүч авдаг. Жишээ нь, Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Хятадаас 22600 хүн, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 10-14 мянган хүн авч ажиллуулж байсан бол өнөөдөр манай Засгийн газрын үед 5840 хүн Хятадаас орж ирсэн. Иймээс Хятадаас ажиллах хүчин оруулж ирэх асуудлыг сонгуультай холбон улстөржүүлмээргүй байна” гэлээ.
Харин хүүхдийн мөнгө олгохоор болсон талаар “ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг танасан. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан үед манай эдийн засаг хасах нэг хувийн үзүүлэлттэй байсан. Хөгжлийн банк, Хятадын “Чалко” компанид төлөх өрүүд маш тулгуу байсан. Эдгээр өрийн заримыг нь төлж, үлдсэнийг нь эдийн засагт дарамт болохгүйгээр зохицуулалт хийснээр эдийн засагт эерэг үзүүлэлт гарч, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 4-4.5 хувийн өсөлттэй байна. Төсвийн орлого сүүлийн 4-5 жилийн хугацаанд анх удаа 500 тэрбум төгрөгөөр давсан. Эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийн үр шимийг Монголын өрх бүр хүртэх ёстой. Энэ үүднээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгөө авч чадаагүй, хасагдсан хэсэгт орсон хүүхдэд мөнгийг нөхөн олгоно. Үүнээс цаашаа хүүхэд бүрт олгоно” гэсэн юм.

Бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоход жилд 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах аж. Нөхөн олголтод энэ онд 161 орчим тэрбум төгрөгийг төсөвлөж байгаа гэнэ. Төсвийн орлогоосоо хүүхдийн мөнгийг бүрэн олгоод явах бүрэн боломжтой гэдгийг Ж.Мөнхбат сайд хэллээ.
Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн талаар тэр онцоллоо. Энэ талаар Ж.Мөнхбат “УИХ-ын сонгуулийн үеэр ард түмэн мэдээгүй байхад хувьд зарсан. Энэ асуудлыг УИХ, Засгийн газарт ярьж, 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэн авсан. Өчигдрийн Засгийн газрын шийдвэр бол Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авсан гэдгийг дахин баталгаажуулж байгаагийн илрэл. Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан. Эрдэнэтийн 49 хувиас Монголын иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гаргаж, яаралтай зохион байгуулахыг Сангийн яам, ТӨБЗГ-т үүрэг өгсөн. Төрийн өмчид ирж байгаа хувиас иргэн бүрт хувьцаа олгоно. Засгийн газар, УИХ-ын тогтоол бол шоу биш. Засгийн газрын тогтоол хэрэгжих ёстой. Харин хэрэгжүүлээгүй холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээх хуулийн заалттай. Энэ улс төрийн популизм, шоу биш” гэв.






































