Л.Болд: Иргэд парламентын гадна сөрөг хүчин болж ажиллах нь чухал юм шүү
Зочин:
Л.Болд
Байгууллага:
УИХ
Албан тушаал:
УИХ-ын гишүүн
Ажиллах арга барил:


04 сарын 19, 2017

Үзсэн: 771

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх сарын нэгнээс гурван төрлийн татвар нэмэгдэхээр болж байна. Хугацаа нь богино байгаа учраас иргэдэд дарамт үүсгэж байна гэх шүүмжлэл бий. Хугацааг нь хойшлуулах боломж байгаагүй юм болов уу?

-Ганц хугацааны асуудал ч биш байна. Засгийн газар ОУВС-тай олигтой хэлэлцээр хийж чадаагүй байна. Валютын сангийн төлөөлөгч нар “Энэ бол Засгийн газрын өөрийн боловсруулсан асуудал” гэж хэлж байгаа. Түүнээс биш Валютын сан тулгаад, нөхцөл шаардлага тавьсан зүйл байхгүй. Гэтэл сайд нар, эрх баригчид төсөв хөрөнгө нэмэгдүүлчихээд, нөгөө талдаа хүүхдийн мөнгийг байхгүй болгохын төлөө гэрээ, тохиролцоо хийсэн гэж үзэж байна. Уг нь хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж тодорхой мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцоод ялсан. Энд Ардчилсан намын хүүхэд, Ардын намын хүүхэд гэж байхгүй шүү дээ. Бүгд Монголын ард түмний ирээдүй, хойч үе байна. Тэднийг алагчилсан бодлогыг Монголын төрд оруулж ирж байгаа нь маш том ухралт болж байна. Энд Валютын санг буруутгах зүйл байхгүй.

-Энэ сарын сүүлээр ёсчлох байх аа?

-Хууль дөрөвдүгээр сар дундаа орж байхад гарч байна. Энэ сарын сүүлээр ёсчлоно. Хууль гараад хүчин төгөлдөр болоод долоохон хоногийн дараа татвар нь тодорхой байгууллагууд дээр нэмэгдэх гэж байна. Ингэж иргэдийг хохироож болохгүй. Автомашины наймаа хийдэг компаниуд аль хэдийнэ машин, тэргээ ачуулчихсан байгаа. Тэдний зээл, хөрөнгө оруулалт, тооцоо судалгаа, ашиг орлого будлианд орно. Хүүхдийн мөнгө дээр улс төр бодсон юм шиг байгаа юм. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, баялаг бүтээж байгаа, бизнес хийж байгаа компаниудад ингэж хандаж байгаа нь ойлгомжгүй байна.

-Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэхээр болсон. Гэтэл эрх баригчид малчдын тэтгэврийн насыг урагшлуулах хууль баталсан шүү дээ. Буцаад хэвэндээ орж байгаа үйлдэл болж харагдаад буйг танай бүлгийнхэн шүүмжилсэн байсан. Иргэдээ биш улс төрийн өнцгөөс шийдээд байна гэж үзэж байгаа юу?

-Гадныханд монгол хүнийг хайрлах шалтгаан байхгүй. Дундаж насжилт нь өсөөд, түүнийгээ дагаад тэтгэврийн насаа аажмаар шийдээд явах ёстой шүү дээ. Ардын намыг ард түмэн сонгосон. Нэг жил нь үндсэндээ дуусч байна. Эхний хийсэн ажил нь бүх төрлийн татвар нэмэгдүүлээд, зардлаа танахын оронд өсгөчихсөн байна. Эцэст нь ард түмний амьжиргаа, бизнес эрхлэгчдийг дордуулж, хүүхдээ мөнгөгүй болгоод, тэтгэврийн насыг шийдчихлээ. Энэ нь алдаатай бодлого учраас засахын төлөө явах ёстой.

-Ардын намынхан татвар нэмэх нь иргэдэд дарамт үүсгэхгүй, Ардчилсан намынхан сөрөг хүчин учраас улс төр хийгээд байна гэсэн ойлголт нийгэмд өгч байна?

-Эдийн засагт хүндрэл учирч байгаа нь ганц Монголынх биш, бүс нутаг дэлхий дахинд үүсч байгаа. Энэ үед бизнесийнхнийг, татвар төлөгчдийг дэмжиж, ард түмний нуруун дахь ачааг хөнгөлж, хүмүүсийн бүтээлч хөдөлмөрийг урамшуулах хууль явдаг. Долоохон хоногийн дараа эхний татвар нэмэгдэхэд хүнд цохилт болно. Үүнийг засахын төлөө цөөхөн гишүүнтэй бүлэг ажиллахыг эрмэлзэнэ. Монголын ард түмэн ойлгох байх, тэмцэх байх, эрх баригчдад учрыг нь ойлгуулах байх. Иргэд парламентын гадна сөрөг хүчин болж ажиллах нь чухал юм шүү. Иргэн бүрийн хариуцлага. Ийм нөхцөлд хариуцлагатайгаар байр сууриа илэрхийлж, шаардлагаа тавих ёстой.

-Татвар нэмэхгүйгээр асуудлыг шийдэх боломж байсан уу. Өмч хувьчлалаас мөнгө төвлөрүүлэх гэдэг ч юм уу?

-Нэгд орон тоогоо танах ёстой. Нөгөө талдаа илүү зардлуудаа танах ёстой байсан. Төрд байгаа өмч хөрөнгүүдээ хувьчлах ёстой. Хувьд ачааллаа шилжүүлэх цаг үе байсан. Татварыг тогтвортой байлгах ёстой байсан. Одоо нэмчихээр далд эдийн засаг руу шилжчихнэ. Өөрөөр хэлбэл татварын орлого багасна. Энэ хийж байгаа арга хэмжээ нь эсрэг үр дүнтэй болчихоод байгаа юм.

-Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болчихлоо. Орж ирэх мөнгөний зарцуулалт бас үр дүнгүй болчих вий гэсэн болгоомжлол байна уу?

-Нэг хэсгийг нь төсөвт зарцуулна, мөн янз бүрийн төсөл хөтөлбөрүүд зарлаад бие, биедээ найр тавиад л өгөх байх. Энэ нь эдийн засагт үр ашиггүй гэж үзэж байгаа. Өр дээр өр үүсгэж байна.

-Оффшорын эсрэг хууль өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Хэр сайн хууль болсон гэж үзэж байгаа вэ?

-Оффшор байгаа онохгүй байна. Их хэмжээний мөнгө гадаадад аваачаад нуучихсан бол энэ гэмт хэрэг. Энэ нь бүх улсад хориотой. Хуулийн байгууллага ажлаа хийх ёстой. Татвараа нуун дарагдуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг шалгах бүх хууль бий. Үүнийг хэрэгжүүл. Оффшорын хууль байхгүйгээс хулгайчтай тэмцэхгүй гэдэг логик буруу байна. Оффшорын ямар хууль гарах ёстой вэ гэхээр бид олон улсын сүлжээнд нь нэгдээд, эргээд мэдээллээ солилцоод, Монголын төрийн албан хаагчид оффшор бүсэд хууль бус мөнгө угаалтад оролцож байгааг нь илрүүлэх алхам хийх ёстой. Монгол Улсын төрийн албан хаагч ойлгомжтой цалинтай, орлоготой байгаа. Тэрийгээ бүртгүүлж байгаа. Тэр бүртгэл дотор оффшортой холбоотой зүйл байвал энэ буруу байна, мөнгө угаах нөхцөл бүрдээд байна гэвэл тэрийг хориглох хууль гаргаж болно. Одоо хэнд ч тийм бүртгэл байхгүй. Байхгүй зүйлийг хориглосон хууль болж харагдаад байна. Асуудлаа шийдэж чадаагүй хууль болсон гэж хараад байна. Оффшор угаасаа төрийн албан хаагч болон гэр бүлийнхэнд хориотой. Ер нь оффшор бүсэд данс, хөрөнгө бүртгүүлсэн төрийн албан хаагч нэг ширхэг ч байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хуулинд зохицуулах юмгүй болж байна.

-Энэ хууль гарснаар өмнө нь оффшор данс нь илэрсэн хүмүүст хамаарахгүй боллоо гээд байгаа шүү дээ. Тухайлбал, С.Баярцогт гээд онцолж байсан. Хуулийн үйлчлэлд хамаарахгүй юу. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар тэр хүмүүсийг шалгаж болно биз дээ?

-Шалгачихсан гэж бодоод байгаа шүү дээ. Улс төрд 20 гаруй оффшорчин байна. Яагаад ганцхан С.Баярцогтыг онцлоод байгаа юм бэ. Ардчилсан намаас ганцхан С.Баярцогт байгаа. Эрх баригчид өөрсдийн намынхаа 20-иод хүн рүү халдаж чадахгүй байгаа. Гэтэл нөгөө хүн нь өнгөрсөн хугацаанд улс төрийнхөө хариуцлагыг хүлээчихсэн, хуулийн дагуу шалгаад тогтоох бололцоо байгаа шүү дээ.


Ярилцсан сэтгүүлч:
medee.mn