Д.НЯМСҮРЭН: Иргэн бүр сайн хөрш байж, хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад МЭДЭЭЛЭХ ҮҮРГЭЭ биелүүлж байх хэрэгтэй

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралт ямар түвшинд байгаа, энэ  төрлийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс тус дүүргийн прокурорын газраас хийж байгаа ажлын талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Нямсүрэнгээс тодрууллаа.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьсан зөрчлийн хэргийн хэдэн хувийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна вэ?

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг 2021 оны эхний 10 сарын байдлаар судалсан.  Энэ хугацаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй 612 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь нийт хүлээн авсан 12872  гомдол, мэдээллийн 5 хувийг эзэлж байна.

Хэргийн шийдвэрлэлт ямар байна вэ?

Эрх бүхий албан тушаалтнууд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”  зөрчлийн талаарх 612 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулахаар 423 хэргийг шүүхэд хүргүүлж, 49 хэргийг хэрэгсэхгүй болгосноос зөрчлийн шинжгүй 7, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 41, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр 1 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Эрх бүхий албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн шинжгүй, харин өөр зөрчлийн шинжийг агуулсан гэж үзээд торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хэргүүд байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед халдах” зөрчлөөр 30 хүнийг,  6.20 дугаар зүйлийн 1-д заасан ”Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлөөр 2 хүнийг, 15.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хуурамч дуудлага мэдээлэл өгөх” зөрчил үйлдсэн 6 хүнийг торгож шийдвэрлэжээ.

Ямар хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ үйлдэж байна вэ?  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн 612  холбогдогчийн 90 орчим хувийг 26 наснаас дээш насны хүмүүс эзэлж байна. 50 орчим хувь нь эрхэлсэн тодорхой ажилтай бол 40 гаруй хувь нь дээд боловсролтой байна. Эндээс харахад тодорхой ажил төрөлтэй идэр насны залуус ихэнхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Харин энэ төрлийн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн хүн 11, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хүн 2 байна.

Гэр бүлийн хүчирхийлэл ахуйн хүрээнд үйлдэгддэг. Энэ төрлийн зөрчлийг илрүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал байх. Судалгаагаар онцлох зүйл юу байсан бэ?

Тус дүүрэгт үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн 16 нь аж ахуйн нэгж, байгууллагад, 68 нь гудамж талбай олон нийтийн газарт, дийлэнх нь буюу 528 нь орон байранд  үйлдэгдсэн байна. Нийт зөрчлийн 68 хувийг иргэний гомдол, мэдээллээр шалган шийдвэрлэсэн бол цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар 32 хувь нь илэрсэн байна. Тэгэхээр иргэдийн мэдээлэл маш чухал болох нь эндээс харагдаж байгаа юм. Судалгаагаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох зөрчил үйлдэж шүүхээс 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан холбогдогчдын 2 орчим хувь нь зөрчлийг давтан үйлдсэн болох нь тогтоогдсон. Ихэнх хохирогч нар хүчирхийлүүлж байгаа талаараа цагдаагийн байгууллагад мэдээлээгүй байдаг. Гэтэл айл хөршүүд нь тухайн айлд гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэгдэж байгааг мэддэг  боловч цагдаагийн байгууллагад дуудлага өгдөггүй зэрэг нь энэ төрлийн зөрчлийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна.

Хан-уул дүүргийн прокурорын газраас цаашид энэ төрлийн зөрчлийн хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

Тус дүүргийн прокурорын газраас дүүргийн засаг даргад “Гэр бүлийн хүчирхийллийг судалсан дүн, шалтгаан нөхцөлийн талаар” албан бичиг хүргүүлсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллээс ангид байх, урьдчилан сэргийлэх видео шторк бэлтгэн  цахим  орчинд тарааж олон нийтэд сурталчилсан.

Мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн хэргийн судалгаа, шүүхээс холбогдогчид оногдуулсан шийтгэлийн судалгаа, мөн гэр бүлийн хүрээнд буюу орон байранд танхайрсан хэргүүдийн судалгааг хийсэн. Эдгээр судалгааны дүнг үндэслэн гэр бүлийн хүчирхийллийн талаар зохих байгууллагад нь мэдээлж байхыг иргэдэд анхааруулсан “Санамж” гаргаж, зөрчил ихээр гарсан хороодын орон сууцнуудын орцны “Мэдээллийн самбар”-т байрлуулах арга хэмжээ авсан. Энэ ажлын үр дүнд хөрш айл, иргэдээс гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчих зөрчлийн талаар цагдаад ирүүлсэн дуудлага мэдээлэл нэмэгдсэн.     

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцдог талаар тайлбарласан “Санамж” гарган зөрчил үйлдэгчдэд танилцуулж гарын үсэг зуруулан хэргийн материалд хавсаргаж хэвшсэн.

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүчирхийллийн хор холбогдлыг ойлгуулахын тулд тодорхой ажлуудыг төлөвлөн хийж байна. Тухайлбал, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран энэ сарын 03-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн 11, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 2, нийт 13 иргэнтэй биечлэн уулзаж, “Зан үйлд нөлөөлөх сургалт”-ыг зохион байгууллаа.  

Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг бууруулахын тулд анхаарах асуудлууд юу байна вэ?

Хүчирхийлэлгүй ирээдүйг бий болгохын тулд хүүхдийн зан төлөвийг багаас нь зөв бүрэлдүүлэн тогтоох нь чухал талаар эрдэмтэн, судлаачдын бүтээлүүдэд дурьдагдсан байдаг. “Хүн болох багаасаа” гэсэн ардын зүйр үг ч бий. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаар иргэдэд ойлгуулах, хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөв, эхнэр нөхрийн харилцаа хандлагыг өөрчлөх, архидалтыг багасгахад анхаарч, энэ чиглэлээр ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах үүрэгтэй төрийн байгууллагууд Төрийн бус байгууллага, Боловсролын байгууллагуудтай түлхүү харилцаж, урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулбал илүү үр дүнтэй гэж үзэж байгаа.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийг халдлагад өртсөн орчноос тусгаарлах, зөрчлийн улмаас сэтгэл зүйн хямрал айдаст автсан талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж байх, хороодын  Засаг даргаар ахлуулсан хамтарсан багийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэстэй хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах нь чухал байна. 

Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс, мөн өндөр настай болон бага насны хүүхдүүд өөрсдийн эрх ашгаа бүрэн хамгаалж чадахгүй, өмгөөллийн тусламж үйлчилгээ авах боломж бололцоо хязгаарлагдмал байдгаас хүчирхийлэлд өртөх, энэ нь илрэхгүй байх шалтгаан болж байдаг. Тиймээс иргэн бүр сайн хөрш байж, хүчирхийллийн талаар Цагдаагийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлж байх хэрэгтэй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31412