“6-аас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даана“

Arslan.mn

Энэ сарын 6-нд УИХ Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын  төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар  тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ажлын хэсгээс "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 11 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулсан.

Уг тогтоолоор Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар Монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. 

Уг тогтоолын төслийн онцлох заалтуудыг танилцуулж байна.

  • Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хадгалан хамгаалах чиглэлээр Үндэсний хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх,
  • Монгол Улсын оршин тогтнохуйн нэгэн тулгуур үндэс болох Монгол хүний удмын санг цус ойртолтоос сэргийлж, цэвэр тунгалаг байлгах гол хэрэглүүр “Угийн бичиг”-ийг өрх айл бүрт шинжлэх ухааны үндэстэй, зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлыг 2024 оноос өмнө орон даяар зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох судалгаа, мэдээлэлд тулгуурлан өрхийн удмын овгийн нэршлийг шинжлэх ухааны үндэстэйгээр дахин шинэчлэх арга хэмжээг авах, 
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эзэмшсэн мэдлэг, чадварыг улсын хөгжилд бүрэн дүүрэн ашиглах бодлого боловсруулан хэрэгжүүлэх,
  •  Монгол Улсын хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих төрийн бодлогыг оновчтой бэхжүүлэх үүднээс,
  • Эхийг жирэмсэн болсон цагаас нь эхлэн сэтгэлзүйн болон, шаардлагатай эмчилгээ, сувилгаанд бүрэн хамрагдаж, эмнэлгийн онцгой хяналтан дор эсэн мэнд амаржих, амаржсаны дараа асаргаа сувилгаанд 7-14 хоног Эрүүл мэндийн даатгалаараа сувилуулах эрхтэй байх төр хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоо бүрдүүлэх.
  •  6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлийг нэг удаад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт нь төрөөс дэмжлэг үзүүлдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлэх,
  • Архидан согтууралт, мансуурахтай тэмцэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, холбогдох төрийн бүтэц, тогтолцоог бэхжүүлэн, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
31660