УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад асуулга тавьжээ.
Уг асуулгын хариуг чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар сонслоо. Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээлэлдээ,
“Манай улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2015 оны байдлаар 6,9 тэрбум кВт.цаг бөгөөд үүний 79 хувийг дотоодын дулааны цахилгаан станцууд болон сэргээгдэх эрчим хүчнээс хангаж, үлдсэн 21 хувийг БНХАУ болон ОХУ-аас өндөр үнээр худалдан авч байна.
Гэхдээ салбарын яам, Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдийн санхүүгийн чадавхид бага нөлөөлөх хувилбарыг сонгон ажиллаж ирлээ.
Мөн олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцийн хүрээнд УИХ-аас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулж, мөн ондоо Эрчим хүчний төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Ингэснээр манай улс эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 он гэхэд 20 хувьд, 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ.
Өнөөдрийн хувьд Салхит, Дөргөн, Тайширын сэргээгдэх эрчим хүч ажиллаж байгаа ба нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 4-5 хувийг эндээс гаргаж авч байна” гэлээ.
Сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Эгийн голын УЦС-ын ажил хаа явна вэ” гэсэн асуудлыг тодруулахад Эрчим хүчний сайд П.Ганхүү, “Эгийн гол"-ын УЦС-ын асуудлаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байна. Яамд хоорондын гэрээ байгуулья гэсэн яриаг мөн эхлүүлсэн” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Эрчим хүчний багц хуулийг өнгөрсөн парламентаас баталсан. Одоо хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Сэргээгдэх эрчим хүчний хангамж чухал юм гэж ярьж байгаа ч дэмжиж байгаа нь бага байна. Улаанбаатар хотод нэлээд өрх цахилгаангүй байгаа. Үүнийг шат дараатай шийдвэрлээд явж байгаад талархдаг. Энэ ажил хэдийгээр жигдрэх нь вэ. Шөнийн тарифыг тэглэсэн ч мэдээлэл харьцангуй бага өгөөд байна” гэсэн асуудлыг тодруулсан.
Эрчим хүчний сайд П.Ганхүү, "Сэргээгдэх эрчим хүчний гурван эх үүсвэр байна. Сая Дарханы нарны станц ашиглалтад орлоо.
Засгийн газар байгуулагдсан 100 хоногт 1700 өрхийг гэрэлтэй болгосон. Одоогоор 6800 орчим айл гэрэлгүй байна. Эдгээр айлуудыг цахилгаанд холбохын тулд УИХ-аас 7 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.
Шөнийн тарифыг тухайд утаатай, утаагүй гэснээс үл хамаарч айлуудыг хамруулж байгаа" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Уул уурхайн аж ахуй нэгжүүдийн цахилгааны тариф маш өндөр байдаг. 240 аж ахуй нэгжийг энэ тарифт хамруулсан бөгөөд барилгын чухал материал үйлдвэрлэдэг цемент, тоосго үйлдвэрлэгчдийг хамруулсан. Иймээс 1600 ажлын байр алдагдах эрсдэлтэй байгаа үед Налайх дахь зарим аж ахуй нэгжүүдийн тарифыг 20-31,5 хувиар буулгасанд талархаж байна" гэв.