Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах тухай зарлиг гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн зарлигийг танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газарт дараах чиглэлийг өгсөн талаар хэлэв. Үүнд:
Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулгатай хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын болон эрхзүйн өөрчлөлт хийх.
Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 20 хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос Хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, Архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах.
Төрийн болон орон нутгийн төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа албан ёсны арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг бүрэн хориглох.
Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах замаар нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг багтжээ.