ДЭЛХИЙН 40 ОРНЫ СКАУТУУД МОНГОЛД ЧУУЛНА

Report.mn

Энэ сард Монгол Улсад болох олон улсын томоохон арга хэмжээ гэвэл Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жембори буюу скаут хүүхдүүдийн майхант чуулга уулзалт юм. Энэ бол монголын  өсвөр үеийнхний хувьд хүсэн хүлээсэн нэг боломж юм. Учир нь Жембори гэдэг нь хүүхэд залуучууд мэдсэн сурснаа бусаддаа харуулах, шинээр суралцах, шинэ танил нөхөдтэй болох, жинхэнэ бие даасан амьдрал дунд өөрийгөө бусадтай жиших боломж олгож байгаа, дөрвөн жилд нэг удаа болдог үйл ажиллагаа билээ.

Уулзалтанд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас гадна АНУ болон Европын 40 улс орны 1500 скаут, мөн  Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 4000 гаруй хүүхэд залуучууд оролцоно. Хамгийн олон элч төлөөлөгчөө оролцуулж байгаа орон гэвэл БНСУ 3000 скаутаа илгээхээр болжээ. Түүнчлэн Австралийн 100 гаруй скаут гэхчлэн дэлхийн улс орнууд олон элч төлөөлөгчөө илгээж байна.

Сайн дурынхантайгаа нийлээд 7000 гаруй хүүхэд залуучууд оролцоно гэж бодохоор томоохон арга хэмжээ болох гэж байгаа нь бэлээхэн анзаарагдана.  Энэ жилийн Жемборийг “Go Nomad” буюу “Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар зохион байгуулна. Энэ нь уламжлалт соёлоо дэлхий нийт, тэр дундаа ирээдүй хойч үеийнхэнд сурталчлан танилцуулах зорилгыг агуулж байгаа юм.

Report.mn

Монголын скаутын холбоо анх 1992 онд байгуулагдсан, Дэлхийн скаутын хөдөлгөөний байгууллагын 136 дахь гишүүн юм. Одоо 100 000 орчим гишүүнтэй, аймаг дүүрэг бүрд өөрийн салбар зөвлөлтэй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болтлоо өсч өндийжээ. Энэ хугацаанд үйл ажиллагааны багагүй туршлага хуримтлуулж, олон улсын хэмжээнд нэр хүндтэй гишүүн байгууллага болсны баталгаа гэвэл энэ бүсийн жемборыг зохион байгуулах эрхийг авч чадсан явдал юм. 2012 онд Японд болсон Ази, Номхон  далайн бүсийн 30 дугаар чуулга уулзалтын үеэр энэ эрхийн төлөө 12 улс орон өрсөлдсөнөөс Монгол Улс энэ эрхийг авч чаджээ. Тэгэхээр дөрвөн жил тутам зохион байгуулагддаг энэ чуулга уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулах нь Монгол Улсын гадаад нэр хүндийн  нэг илэрхийлэл болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм.

Report.mn

Болох гэж байгаа үйл явдлыг илүү тодотгох үүднээс Скаут гэж хэн бэ гэдгийг эргэн сануулах нь зүй байх. “Илүү сайн дэлхий ертөнцийг бүтээе” уриа дуудлагатай скаутын хөдөлгөөн нь хүүхэд, залуу үеийнхнийг нийгэмд бүтээлч байр суурь эзэлсэн, бие даасан хувь хүмүүс болгон төлөвшүүлэхэд туслах зорилготой, шашин, арьсны өнгө, гарал үүслээс үл хамаарах нийтэд нээлттэй, сайн дурын хөдөлгөөн юм.    

Бүсийн урьдах бүх цугларалт дандаа халуун дулаан цаг агаартай улсад болж байсан гэнэ. Харин Найрамдал зуслан, Баянголын үзэсгэлэнт байгаль дунд болох энэ удаагийн жембори нь анх удаа сэрүүн бүс буюу дөрвөн улиралтай улсад болох гэж байгаараа онцлог аж. Энэ утгаараа ихээхэн онцлогтой бөгөөд хүүхдүүд 10, 10-аараа нэг салаа болон зохион байгуулагдаж, жемборогийн үргэлжлэх 7 хоногт бие даан амьдрана. Ингэхдээ хүнсээ тэндээсээ худалдан авч газын зуухан дээр өөрсдөө хийх юм. Жемборид 11-17 насны хүүхдүүд оролцох бөгөөд түүнээс дээш насныхан зөвлөн туслагчийн үүрэг гүцэтгэнэ. Энэ жилийн тухайд хуурайшил ихтэй, гал түймрийн эрсдэлтэй байгаа болохоор цугларалтын үеэр ил задгай гал түлэхийг хориглож байгаа аж.

Report.mn

Монголын Скаутын холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа, мөн Холбооны сургалтын дарга, зохион байгуулах дэд хорооны дарга Д.Мөнхтулга

 Цугларалтын үеэр олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, жембори дээр скаут хүүхдүүдийг хөгжүүлэх  5 том цогцолбор төв ажиллана. Тэдгээр нь:

-“Нүүдэлчдийн соёл цогцолбор” Энэ нь зөвхөн гадаадын оролцогчдод зориулагдсан бөгөөд монгол ахуй, нүүдэлчдийн уламжлалт соёл, хэв шинж онцлогтой танилцах өртөөнүүдтэй байх юм.

-“Адал явдалт цогцолбор”. Энэ өртөөнүүд их онцлогтой, багийн ажиллагаа шаардсан, авхаалж самбаа, эр зоригоо жинхэнэ утгаар харуулах боломж оролцогчдыг хүлээж байгаа.

-“Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” Шинжлэх ухаанд шимтэн сонирхогчдын хувьд энэ өртөө саатан тухлахаас аргагүй.  Шинжлэх ухааны сорилт туршилтууд, танин мэдэхүйн томоохон боломж энд буй. 

-“Браунси арал цогцолбор” Скаут байна гэдэг нэг талаасаа төрөл бүрийн ур чадварыг эзэмших боломж юм. Ийм боломжийг шинээр олгох, хөгжүүлэх суралцах өртөө бол “Браунси арлын цогцолор байх юм.

-Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор” Амьдрах арга ухаанд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд нийгмийн асуудллуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаасан өртөөнүүд бий.

-Чөлөөт цагийн цогцолбор” Энд оролцогчид спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн, тоглолт зохион багуулж болхоос гшадна шинэ дуу бүжиг суралцах боломжтой.

Жемборид хүрэлцэн ирсэн хүүхэд бүр эдгээр өртөөнүүдээр зочилж өөрийгөө сорихоос гадна хилийн чанад дахь үе тэнгийнхэнтэйгээ танилцаж нөхөрлөх, харилцан бие биеэсээ суралцах, бусдыг ойлгож хүндэлж сурах гэхчлэнгээр глобал дэлхий ертөнцөд өөрийнхөө хожмын орон зайг олж авах ойлголт мэдлэгтэй болно гэдгээрээ онцлог.

Монгол Улсад зохион байгуулагдах Азиз, Номхон далайн бүсийн 31 дэх удаагийн энэ жембори нь зөвхөн Монголын Скаутын холбооны ажил биш бөгөөд төр захиргааны байгууллагууд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, Ерөнхий сайдын захирамжаар  ХНХ-ын сайд Н.Номтойбаяраар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Олон улсын энэхүү арга хэмжээнд хүүхэд залуучууд болон насанд хүрсэн иргэдийн оролцох эрх нээлттэй. Жемборид оролцох хүүхдийн зардал 250 000 төгрөг, харин энэхүү арга хэмжээг үчиж сонирхохыг хүссэн иргэд “Day  Visitor” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Үүний тулд 10 000 төгрөгийн төлбөр төлөөд скаут жемборын бүсэд зочилж өдөр тутмынх нь адал явдалт амьдралтай танилцаж болох юм байна.

Ийм нэг арга хэмжээ ойрын өдрүүдэд эх оронд маань болох гэж байна. Монголын хүүхэд багачуудад шинэ боломж, шинэ хандлагыг авчрах энэ чуулгыг монголчууд бүгдээрээ зүрх сэтгэлээрээ дэмжих учиртай. Учир нь энэ бол эх орны, даян дэлхийн ирээдүй үеийнхний төлөө хийх бидний хувь нэмэр болж үлдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3342