Шадар сайд С.Амарсайхан МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож, ипотекийн зээлийн эргэн тойронд хөндөгдөж байгаа эргэлзээтэй олон асуултад хариулт өгч, МИК-ийн булхай, луйврын талаар олон баримтыг гаргаж тавилаа.
Шадар сайд С.Амарсайханы ипотекийн зээлийн хүрээнд хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.
2011 онд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, хотжилтыг шинэ түвшинд гаргах, хөгжүүлэх зорилгоор ИПОТЕКИЙН ЗЭЭЛ-ийн хөтөлбөрийг гаргасан. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх хуулийг баталж, энэ тогтолцоог улам боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг багасгах, санхүүгийн эх үүсвэрийг хямд эх үүсвэрээр олгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн.
Харамсалтай нь, энэ тогтолцоог буруу ашигласнаас болж иргэдийн нуруунд асар их ачааг үрүүлсэн. МИК ямар ч эрсдэл үүрэхгүйгээр, санхүүгийн оролцоогүйгээр Монгол банкнаас олгож байгаа эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан иргэдэд олгож байгаа зээлийн дунд "МИК" нэрээ оруулсныхаа төлөө шууд утгаараа өрх бүрийн халааснаас мөнгө авч байна.
Нэг өрхийн сард төлдөг 800 мянган төгрөгийн 300 мянган төгрөг нь МИК компанийн ашиг орлого болж үлдэж байгаа. Гэтэл тэр мөнгөөр тухайн айл хүүхдийн хадгаламж, сургалтын төлбөр, хувцас хунар, эсхүл дахиад 5-10 мкв байрыг нэмж авах боломжтой хэмжээний мөнгө. Мөн урьдчилаа төлбөр, хүү маш өндөр ч иргэд зээлийн эргэн төлөлтөө маш хариуцлагатай хийсээр байгаа хэдий ч үндсэн зээлээс хасагдалт хийгдэхгүй байна. Жишээ нь 10-15 жил зээлээ тогтмол төлсөн ч үндсэн зээлийн 50 хувь нь ч төлөгдөөгүй тохиолдол маш их байгаа нь хамарсалтай.
2006 онд арилжааны 11 банк нийлээд ипотекийн зээлийг төрөөс олгоход хамтран дэмжлэг үзүүлж эх үүсвэрээ хоёрдогч зах зээлээс босгоно гэсэн үүрэг хүлээсэн. Гэтэл Монгол банкнаас 1%-ийн эх үүсвэр өгөхөөр 6%-ийн хүүтэй өгдөг. 4 %-ийн хувийн эх үүсвэртэй өгөхөөр 8%-ийн хүүтэй өгдөг. энэ зөрүүнээс л гэхэд өнгөрсөн хугацаанд 1 их наяд орчим төгрөгийн орлогыг МИК компани олсон байна.
Анх МИК-ийг байгуулагдахад 11 банк хамтран оролцсон боловч өнөөдөр 73.76 %-ыг нь Худалдаа хөгжлийн банк,Улаанбаатар банк гэх нэг эзэнтэй компанийн эзэмшилд байршиж байгаа нь ашиг сонирхлын маш том зөрчил. Үлдсэн 17% -ыг нь Хөгжлийн банк, Төрийн банк болон бусад банкнууд эзэмшдэг
Банкнууд гадаадын зах зээлээс 350 сая ам.долларын босгоод сарын 1.075% хүүтэй банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээлийн багцыг худалдан авч өөрсдөө 116 тэрбум төгрөгийн орлого олсон байдаг. Төрөөс авсан эх үүсвэрээ өндөр хүүтэй иргэдэд шахаад, дундаас нь өндөр ашиг олчхоод гаднаас босгосон мөнгийг угтаа бол ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой байтал өөр зориулалтаар ашиглаад тэндээс олсон ашгаа өөр зүйл зарцуулсан гэх мэт хууль зөрчсөн асуудал маш их байна.
Дундаж насны иргэд амь амьдар, тэтгэвэр, цалингаа барьцаалаад арай гэж байранд орж байна. Харин залуу гэр бүл арай гэж нэг байртай болох гэхээр урьдчилгаа төлбөрийн 30%-ын өднөр ипотекийн босгыг давж чаддаггүй. Байранд орж чадахгүй болсон залуус айлын гэр дамжаад, хажуу өрөө дамжаад нөгөө гэр бүлийн баталгаа чинь алга болдог, бие даан амьдрах итгэл үнэмшилгүй болж байна. Энэ бол амьдралын гашуун үнэн.
МИК-д Үндэсний аудитын газраас 2018 онд аудитын шалгалт хийсэн байдаг. Гэтэл тухайн дүгнэлтийг нууцад хамруулсан. Үүн дээр асар их зөрчил бий. Энэ бол нууцлах ямар ч шаардлагагүй. Үүнийг хууль тогтоомжийн дагуу нууцаас гаргана.
Монгол банкнаас өнгөрсөн хугацаанд 110 мянган айлыг зээл хамруулахын тулд 6.2 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. Үүнээс 5.6 нь их наяд Монгол банкнаас шууд гарсан. Засгийн газраас 330 тэрбум төгрөг гаргасан. Гэтэл арилжааны банкнууд нийлээд 600 гаруй тэрбум төгрөг л гаргасан байгаа нь сэтгэл, зүтгэл дутсаны маш том илэрхийлэл.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.