Сангийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд дараах бодлого, зарчим, эрэмбийг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулсан.
Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д танилцуулж байсан. Учир нь дэлхий нийтэд инфляцийн түвшин өндөр, ханшийн эрсдэлтэй байгаа энэ цаг үед шинэ бүтээн байгуулалт руу орох нь өмнө нь хийж байсан төсөвт өртгөөс хэд дахин их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардана гэдгийг тэрбээр онцолж байв.
Тухайлбал, ирэх онд төрийн алба хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгох юм байна. Ингэснээр 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож буй.
- Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчлөхөөр болжээ. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг юм. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажилбал 1%, 2 жил ажилбал 2%, 3 жил ажилбал 3% зэргээр нэмэгдэж тооцох аж.
- Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8%-иар нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж.
- Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болох аж. Орон нутгийн суурь зардал дээр нь 20%-иар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой юм байна.
Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдах юм.