Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар " Түүхэндээ анх удаа улсын төсвийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, эцэслэн баталлаа. Дөнгөж сая батлагдсан Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээнд дараах бодит өөрчлөлтүүд, тодорхой шинэчлэлүүдийг эхлүүллээ.
Тухайлбал;
- Иргэд олон нийт, ажлын хэсэг, байнгын хороодоос ирсэн саналуудыг нэгтгэн, хэлэлцүүлгийн явцад өргөн барьсан анхны төслөөс төсвийн алдагдал болон зардлыг бууруулж баталлаа.
- Шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй ч ажлын явц нь эхэлсэн бүтээн байгуулалтуудыг 2023 онд дуусгахаар хуульчиллаа. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх чиглэлийг баримталлаа.
- “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дахин үргэлжлүүлж, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн зорилтот ажлуудыг хэрэгжүүлнэ.
- Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүллээ.
- Шинэ сэргэлтийн бодлого, Боомтын сэргэлт, Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ.
- "Төсөв 2023" нээлттэй хэлэлцүүлгээр олон нийтээс дэвшүүлсэн зарим асуудлыг шийдвэрлэхээр тусгаж, түүхэндээ анх удаа төсвийн бодлогод салбар бүрийн төлөөллийн санал, дүгнэлтийг нэгтгэн шингээснээрээ онцлогтой байлаа" хэмээжээ.