Нүүрсний хулгайн хэрэг “дүрэлзэж“ эхэлсэн ч одоо УУГИХ ӨНГӨНДӨӨ орчихлоо

Arslan.mn

Нүүрсний хулгай гэх тодотголтой 44 их наядын мөнгөн дүнтэй том хэрэг шуугиан дэгдээж, нийгмийг донсолгон өвлийн жавартай өдрүүдээр олон мянган иргэн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж, гадны мэдээллийн томоохон агентлагууд ч энэ хэргийн талаар дэлхий даяар цацаж, хүн төрөлхтний чихэнд хүргээд амжсан. Яг энэ үедээ уг хэрэг олны анхаарлын төвд анх орохдоо галаар зүйрлэвэл дүрэлзэх байтугай бүр тэсрэлт, дэлбэрэлттэй адил байлаа. Ямар их хэл ам дагуулж, яасан их шуугиан, дуулиантай эхлэв ээ. Гэтэл энэ хэрэг одоо яав, дүрэлзэж байснаа болиод унтрах маягтай болж, уугих өнгөндөө орчихлоо. Гал гээч юмыг бид мэднэ. Дүрэлзэн асч байсан юм унтрах дөхөхөөрөө утаа май хаялаад эхэлдэг. Нүүрсний хулгайн хэрэг уугиад утаа май савсуулахаас өөр юмгүй болж байх шив дээ.

Төрд нүүрлэсэн хулгай, төрийн компаниудад шургалсан хулгайч нартай хэрхэн тэмцэх, тэднийг ямар хувилбараар яаж явуулбал улс орон нь хождог талаар манай сонин удаа дараа бичиж байгаа. Төрөөс, ард түмнээс мөнгө хулгайлсан иймэрхүү том хэргүүдийг огт шалгахгүй, аясаар нь явуулах замаар улсаа хөгжүүлэх гарц байж болох юм гэж үзээд үүн дээр Катарын жишээг эш татсаныг уншигчид санаж байгаа байх. Тус улсад яг одоо манайд илрээд байгаа шиг төрийн хэмжээний хулгайн хэргүүд гаарсан юм билээ, нэг хэсэг. Гэвч тэд төрөөсөө хулгай хийсэн ч хулгай хийсэн хэрээрээ улсаа хөгжүүлэхээ мартаагүй байсан нь онцлох жишээ болсон л доо. Яг энэ замаар бид төрд үүрлэсэн хулгайч нарыг илрүүлсэн ч тэдэнд улсаа хөгжүүлэх, улсдаа хулгайн мөнгөнөөсөө зарцуулах боломжийг олгох хувилбар байж болох юм гэсэн санааг дэвшүүлсэн.

Эсвэл, төрөөс хулгай хийгсэд болон авлигачидтайгаа амжилттай тэмцэж чадсан Финланд, Норвегийн явж ирсэн зам, баримтлалаар Монгол Улсаа хөгжүүлбэл зүгээр юм гэсэн хувилбарыг санал болгосон билээ.

Казахстан улсыг ч жишээгээр татаж болно. Тус улс хөгжилд хүрчихсэн. Энэ улсыг өдий зэрэгтэй болоход Назарбаевын зүтгэл бараг 100 хувь гэж хэлж болно л доо. Гэвч улсаа хөгжүүлэх замдаа тэрээр өөрийнхөө тойрон хүрээлэгчид, ойр дотны хүмүүс, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ нийлж төрөөсөө хулгай хийж, хагартлаа баяжсан ч улсаа хөгжүүлчихсэн л байгаа юм. Улсаа улсын дайтай болгочихсоныг бүгд харж байна. Харин сүүлд тэдгээр тойрон хүрээлэгчдээс нь улсын хөрөнгийг хурааж авч байгаа юм дуулдаж л байна, тэр бол тус улсын дотоод асуудал. Харин манай улсын хувьд нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүс, бүлэглэлийг шалгаад эхэлчихсэн буюу Норвеги, Финландын жишгээр явж авлига, хулгайтайгаа тэмцэж байна. Нэгэнт шалгаад эхлүүлчихсэн юм чинь дундаас нь болиулаад тэдгээр хүмүүсийг улсаа хөгжүүлэхийг харъя гэж хэлэх боломжгүй. Тиймээс шалгаад, эцсийг нь үзэхээс өөр сонголт үгүй. Шалгаж байцаагаад улсаас хулгайлсан мөнгөөрөө босгосон хууль бус хөрөнгийг нь хурааж аваад эцсийн цэг тавих хүртлээ Норвеги, Финланд улс шиг авлигагүй, аз жаргалтай орон болохын төлөө явах хэрэгтэй байна.

Нүүрсний хулгайн мөнгөөр баригдсан, баригдаж буй спорт цогцолбор, орон сууц, хаус хорооллуудыг хурааж авч байгаа шуурхай ажлынхаа араас одоо нүүрсний хулгайч нарын нуусан мөнгө, бариулж босгосон объектуудыг нь, дээрээс нь оффшорт хийсэн мөнгөнүүдийг нь олж авах хэрэгтэй. Оффшор дахь мөнгөнүүдийн багцааг авахад амархан. Хилээр гаргасан нүүрсний хэмжээ, Хятадаас орж ирсэн мөнгөн дүн хоёрыг тулгахад багцаа гарна. Энгийнээр бодоход шүү дээ. Мэдээж асар их эмжээний зөрүү буюу хулгай илэрч таарна. Тэр үед нь өөрөөс нь хулгай хийсэн бүлэглэл, хүмүүст төр төмөр нүүрээ харуулж тохирох ял шийтгэлийг нь оногдуулах байх. Харин одоо шалгалт, байцаалтын ажлаа идэвхтэй үргэлжлүүлж, эрчээ алдахгүй байх тал дээр Ерөнхий сайд гойд анхаарч алгуурлаж болохгүй хариуцлагатай өдөр хоногууд үргэлжилж байна.

Нүүрсний хулгайн хэрэг дээр анхаарах бас нэг асуудал байна. Хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд, ажилтнууд шалгагдаад үнэн мөн нь тогтоогдоод ялаа авах нь аваад явах нь явчихаар тэдний орон тоонд дахин хүн томилж таарна, нам нь. Хатуугаар хэлбэл, нэг хулгайч нь явахад өөр хулгайч ирнэ гэсэн үг. Яагаад гэвэл хулгай хийх бэлээхэн схем нь байгаа юм чинь. Хулгай хийх бэлэн жортой учир магадгүй дараагийнх нь хүмүүс хулгай хийх ээлжээ хүлээж байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ хулгайг яаж зогсоох вэ?

Монгол жижигхэн шүү дээ, хараа хяналтдаа байлгавал зохилтой хэдхэн том объект, үйлдвэр, уурхай бий. Худлаа жүжиг тавиад байлгүй хяналтаа сайжруулж манаад зогссон ч яадаг юм. Таван толгой, Эрдэнэт, Оюу толгой гэсэн том газрууд байна. Оюу толгойг шалгаад байх ч юу байх вэ, тэртэй тэргүй барууны том хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа нь хэвийн явдаг, хөл хорио, эдийн засгийн уналттай яваа эдгээр он жилүүдэд Монголыг чирч яваа уурхай. Дотооддоо хяналт, шалгалтаа сайн хийж стандартаа барьдаг учир хулгай зэлгийн талаар энэ уурхай дээр ярих юм үнэндээ байхгүй.

Том объект, уурхай, үйлдвэрүүддээ хяналтаа сайжруулах нь нэгдүгээрх асуудал боловч дахин хулгай хийлгэхгүй байх нэг том хөшүүрэг бол бол шударга ажилтан, шударга албан тушаалтнуудтай болох.

Ял, зэмээ үүрээд явж байгаа албан тушаалтнуудын орон тоонд шударга, сайн хүмүүсийг тавь. Шударга хүнийг ажиллуул. Монголд шударга хүн хангалттай бий шүү. Харин нам дотроос шударга хүнийг хэзээ ч бүү хай. Намд шударга хүн байх ямар ч боломжгүй. Яагаад вэ гэвэл намд хулгай хийх гэсэн хүмүүс ордог гэдэг нь онолоороо ойлгомжтой. Онол нь угаас тийм юм. Хэдүүлээ нийлж засгийн эрхийг авъя, засгийн эрхийг авснаараа хэдүүлхнээ баяжина гэсэн улсууд л нийлж нам байгуулдаг. Хэдүүлээ баяжихын тулд “Улс эх орноо хөгжүүлнэ, та нарыг ядуурлаас гаргана” гэж ард түмэнд ярья гэж үгсдэг. Ингэж зөвхөн ярихад л хүмүүс бидэнд санал өгнө гэж тэд төлөвлөгөөгөө гаргадаг. Харин засгийн эрхийг авсан хойноо нэн тэргүүнд өөрсдийнхөө тойрон хүрээлэгчид, намаа байгуулалцсан хүмүүсээ баян чинээлэг болгочихоод, улс эх орон, ард түмний эрх ашгийгхоёр, бүр дөрөв, тавдугаарх асуудал болгож эрэмбийг нь хойшлуулчихдаг. Тийм учраас нам гэдэг бүтэц, нам гэдэг байгууллагаас шударга, сайн хүн битгий хайгаарай. Шударга хүмүүс тэр хүрээллээс ангид, хол байхыг хичээдэг нь өөрөө шударга байгаагийн том шалгуур. Баруунд боловсрол эзэмшсэн, нам бус, шударга улсуудыг Таван толгойн уурхай зэрэг томоохон газар, хариуцлагатай албан тушаалд томилж ажиллуулдаг болгох нь хамгийн ухаантай сонголт болно. Одоо явагдаад байгаа сонгон шалгаруулалтыг анзаарахад боломжтой, шударга байх шаардлагыг хангахаар хүмүүс мэр сэр харагдаж байна лээ.

Нам бол эрх мэдэлд шунагсдын цуглуулга байдаг учраас хариуцлагатай, том мөнгө эргэлддэг, улс эх орны эдийн засгийг хөдөлгөдөг албан тушаал дээр аль болох нам бус, шударга хүмүүсийг тавьдаг жишиг тогтооё. Шударга хүмүүсээ томилсон тохиолдолд хангалттай цалин өгч ажиллуулах хэрэгтэй. Хулгай хийх сэдэл өгөхөөргүйгээр хангалттай цалинжуул. Дэлхийн том компаниуд сард 3-5, 8-10, 10-15, 15-30 мянган ам.доллар, түүнээс ч дээш дүнтэй цалин санал болгодог. Тэр хэмжээний өндөр цалинг тэдгээр шударга албан тушаалтнуудад шууд өг. Үр дүнгийн урамшуулал, шагналыг нь нэмж олгож, шударгаар хөдөлмөрлөснийхөө төлөө хангалттай цалин авч баяжиж болдгийг тэднээр харуул. Ингэж харуулж чадсан шударга хүмүүс л улс эх орноо хөгжүүлдэг, иргэдийг өөрсөд шигээ баян болгохын төлөө зүтгэдэг.

Иймээс нүүрсний хулгайн хэргийг битгий уугиулаад бай, галыг нь өрдөөд хэргийг дүрэлзүүлж олны хараанд байнга байлга. Боловсролтой, шударга, нам бус хүмүүсийг хариуцлагатай албан тушаалд томилдог эрүүл тогтолцоог бий болго.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37247