УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан 10.23 цагт эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Пүрэв, Баасан гарагт чуулганаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэцэхээр төлөвлөсныг танилцуулав. Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Ээлжит бус чуулган хаах цаг болж байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хэрэгтэй” гэсэн санал хэлэв.
Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгасан дүгнэлт хангалттай бус гэж үзэж байгаа. Тиймээс 49 хувийг эзэмшигч талтай уулзаж, ярилцах хэрэгтэй. Төрийн эзэмшлийн 51 хувьд шалгалт хийх ажлын хэсэг байгуулах ёстой” гэв.
Хууль зүйн байгын хорооноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлын эцсийн шийдвэрийг УИХ-ын даргад ирүүлээгүй байгаа юм. Уг байнгын хороо өнөөдөр хуралдаад, энэ асуудлыг шийдвэрлэвэл чуулганаар хэлэлцүүлэх боломжтой гэдгийг УИХ-ын дарга хэлэв. Мөн тэрбээр, “49 хувийг эзэмшигчийн талаас байнгын хорооны хэлэлцүүлэгт биднийг оролцуулж өгнө үү гэсэн санал ирүүлсэн. Үүнийг байнгын хороон даргад хүргүүлсэн. Төрийн эзэмшлийн 51 хувийг шалгах асуудлыг чуулганаар хэлэлцэхгүй. Үүнийг УИХ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, шалгаж болно” гэлээ.
Ийнхүү чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.