
Төрийн байгуулалтын байнгын хороо лхагва гарагт 89.5 хувийн ирцтэй хуралдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос есөн гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг дэмжээгүй байна.
Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудалд завсарлага авах санал гарсан ч хуралд суусан 58 гишүүний 30 нь энэхүү саналыг хүлээж аваагүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд лхагва гарагт “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын долооны өдрүүдэд зарлан хуралдуулахаар тогтоогоод байна. Харин УИХ дахь АН-ын бүлэг “Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа”-гаа албан ёсоор илэрхийллээ. Мөн шинээр байгуулагдах Засгийн газарт Ардчилсан нам орохгүй гэж мэдэгдсэн юм.

Үүнээс гадна ирэх онд төлөгдөх “Чингис бонд”-ын эргэн төлөлтийн хэлэлцээрт хүндрэл үүсээд байгаа энэ үед эрх баригч хүчин Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
МАН-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар УИХ-д хандсаны дараа Засгийн газрын бондын дахин санхүүжилтийн бэлтгэл ажлыг зогсоосныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нямаа мэдээллээ. Таван жилийн өмнө олон улсын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын таванд барагдуулах хуваарьтай байгаа юм.











































