Манай гаригийн хамгийн дуулиант хос, зургаан хүүхдийн эцэг эх Анжелина Жоли, Брэд Питт хоёрын салалт 2016 оны хамгийн сортолзуулам, сэтгэл хөдөлгөм нь байсан билээ. Салах үйл явц, хүүхдүүдийн асран хамгаалал гээд тэдний тухай мэдээлэл он дамна үргэлжилсээр байна. Мэдээж дэлхийн хамгийн нүргээнтэй хосын дуулианыг ашиглах хүмүүсээр дутав л гэж. Канадын сэтгүүлч, зохиолч, нэртэй баримтат киноч Ян Харперин “Бранжелинагийн салалт нь маш том жүжиг, мөнгө олох гэсэн наймаа, хэрэгсэл байсан” хэмээн мэдэгдээд үүнийгээ батлан харуулахын тулд баримтат кино хийх болсноо зарлалаа.
Киноны нэр нь “Broken: The Incredible Story of Brangelina” ”Сүйрэл: Бранжелинагийн итгэмээргүй түүх”. Холливудын алдарт жүжигчин хос бие биедээ хайртай, маш их дурласан хэмээн олны өмнө харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш байсан гэдгийг энэ кинонд харуулах бололтой. Үнэн хэрэгтээ, аль эртнээс хоёр тийш болсон байсан, илүү их мөнгө олохын тулд салж буйгаа, шүүх дээрх үйл явцаа олон нийтэд дуулиантай зарлаж байна хэмээн үзжээ.