“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцууллаа

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах семинарыг энэ сарын 22-нд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар, нийслэлийн харьяа байгууллага, инженерийн шугам сүлжээний байгууллага, олон улсын болон банк санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл урилгаар оролцсон.

Тус судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

Судалгааны нээлтийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж судалгааны зорилт, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж байсан.

Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлно. Улмаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой эрчим хүчний системийг бий болгоход тустай технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргана.

Судалгааг гүйцэтгэж буй Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард судалгааны урьдчилсан тайландаа эрчим хүчний одоогийн болон хэтийн хэрэглээтэй холбоотой тоон мэдээлэл, таамаг, эрчим хүчний системийн загварчлал, арга хэмжээний үр нөлөө, Улаанбаатар хотод ашиглаж болох сэргээдэх эрчим хүчний эх үүсвэр, төрөл, нөөц, тэдгээрийг ашиглах боломж болон хүлэмжийн хийг бууруулах болон эрчим хүчний хэтийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл мөн энэ чиглэлээр өгч болох зарим зөвлөмжийг урьдчилсан танилцуулж хэлэлцүүлсэн. Мөн судалгааг улам боловсронгуй болгоход цаашид нэмэлт дэлгэрэнгүй тоон мэдээлэл цуглуулах шаардлага байгааг дуулгаж энэ талаар дэмжлэг үзүүлэхийг холбогдох байгууллагуудаас хүссэн юм.

Танилцуулгатай холбоотойгоор семинарт оролцогчдын зүгээс эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрчим хүчний загварчлалын программ хангамжийг Монголын талд хүлээлгэж өгөх, судалгааг одоо байгаа салбарын бодлого, стратегитай уялдуулах, шөнийн цахилгааны хэрэглээ, нэвтрүүлж болох энгийн эрчим хүчний технологийн шийдэл, сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф болон энэ талын зарим зохицуулалт, норм стандартыг бий болгох талаар асууж лавлаж байлаа.

“GIZ”-ийн “Хотын Нэксус” төсөл энэ судалгааны завсрын тайланг ирэх оны нэгдүгээр сард, төгсгөлийн тайланг мөн оны дөрөвдүгээр сард бэлэн болгож Монгол улсын Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, бусад холбогдох газруудад хүргүүлнэ гэж тус төслийн захирал хатагтай Рут Эрлбек мэдэгдсэн гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4588