АН-ын Долдугаар их хурлын зорилт, үр дүнгийн талаар өнөөдөр тус намын дарга С.Эрдэнэ мэдээлэв.
Долдугаар их хурал өчигдөр буюу энэ сарын 12-нд Улаанбаатар паласын Их танхимд болсон. Хуралд нийт 3300 төлөөлөгч оролцож АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнийг ёсчлон, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлав.
АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн гол утга санаа шинэчлэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байгаа хэмээн намын шинэ дарга танилцуулав.
Тэрбээр, “Цаашдаа зөвхөн намын дарга бус анхан, дунд шатны удирдлагуудыг бүх гишүүдийн дундаас сонгодог байхаар нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ долоо хоногоос эхлээд есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд АН-ын шинэчлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдах юм. Шинэчлэлийн хүрээнд гишүүдийн оролцоотой сум, хороодын намын дарга, үүрийн бүрэлдэхүүнийг сонгож, баталгаажуулна. Ингэснээр АН бүх шатандаа шинэчлэгдэх юм. Мөн АН-ын Үзэл баримтлал болон Үндсэн дүрмийн сүүлийн шатны хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж, энэ оны тавдугаар сард болох Наймдугаар дугаар их хурлаар батална. Долдугаар их хурлаар Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлийг 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ зөвлөл дүрмийн болон үзэл баримтлалыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, дараагийн Их хуралд танилцуулах юм. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хороо болон Дотоод сонгуулийн хороог тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн үр дүнтэй хурал боллоо” хэмээв.
Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбатыг сонгосон гэдгийг дурьдав. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Намын үзэл баримтлалыг өөрчлөх шаардлага нь юу байв?
-2000 онд нэгдсэн таван нам үзэл баримтлал, онолын тулгуураа эцсийн байдлаар баталж амжаагүй. Тиймээс дотроо сөргөлддөг, таван намын гишүүдээс үүссэн фракцууд бий болсон. Энэ нь яваандаа намын дотоод эв нэгдлийг бусниулж, тогтворгүй болгох үндсийг тавьсан юм. Тимймээс Үзэл баримтлал болон Үндсэн дүрмийг шинэчлэн батлуулах ажлын хэсэг байгуулсан.
-АН үйл ажиллагаандаа залуучуудын оролцоог хангахад хэрхэн анхаарах вэ?
-Би гишүүдээ нас, жендерээр ялгаварлахгүй. Идэвх санаачлагатай ажиллаж чадсан нь манлайлах учиртай. Би залуучуудад “Та нарт боломж байна, мэргэжил байна. Өөрсдөө намынхаа ажилд оролц” гэдэг. Бид 1989 онд Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байлаа. Тэр үед бидэнд хэн ч зааж зөвлөөгүй, хэн ч дэмжээгүй. Гэвч бид хувьсгал хийж чадсан. Өнөөдрийн залуус юм болгоныг бэлэнчлэх сэтгэлгээтэй байж болохгүй. Би гурван цагийн хэлхээс буюу ахмад, дунд үе, залуусын оролцоог тэгш хангаж ажиллана. Өнгөрснөөсөө суралцаж, дунд үеэ хүндэтгэж, шинэ залуу үеэ хүлээн зөвшөөрч явах учиртай.
-З.Энхболд сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хариуцлагаа үүрч, намын даргын албан тушаалаа өглөө. Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан тохиолдолд та хариуцлага хүлээх үү?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй. Их хурал, ҮБЗ-ийн хуралдаан дээр үр дүн, алдаа дутагдлаа танилцуулаад, цаашид засч залруулахын төлөө ажиллах юм.