Арай ч дээ! ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын бодлоготой тэрсэж байна уу

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сард АНУ-д айлчлах үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг баталж, энэ жилийн хоёрдугаар улирлаас тус улс руу шууд нислэг үйлдэхээр болсон. Өнөө жилийн хоёрдугаар улирал хаяанд ирчихсэн атал нислэгийн бэлтгэл ажил зуун задгай, жаран хагархай байна. Үүнийг хийж хэрэгжүүлэх ёстой газар бол Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар. Гэтэл ИНЕГ-ынхан энэ ажилдаа хойрго хандаж байна гэхэд хилсдэхгүй нь. ИНЕГ-аас энэ нислэгт бэлтгэхээр “Монгол Улсаас АНУ руу тогтмол агаарын тээврийн нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар нь АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын олон улсын аудит шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах, бэлтгэл ажлыг хангуулахад зөвлөх үйлчилгээ авах” гэсэн 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг хялбаршуулсан журмаар гэсэн тодотголтойгоор өнгөрсөн сарын 29- нд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд оруулж. Энэ сарын 13-ны 10.00 цагаас өмнө тендерийн бичиг баримтыг хүлээн авч, 30 минутын дараа нээхээр зарласан байв. Гэвч энэ тендерт нэг ч оролцогч материал өгөөгүй аж.

Тиймээс тендерийн үр дүн гарсангүй.  Олон нийтийн сүлжээнд жиргээч Batengineer “Олон улсын тендерийг хэн ч олж харахгүй, монгол хэлээр, маш богино хугацаатай зарлаж байхаар намчдаа халж, нисэхийн мэргэжлийн хүмүүсээ ажилд олноор нь авбал Америк нисэх болзлоо хангана” хэмээн шүүмжилжээ.

Түүний хэлсэнчлэн маш богино хугацаанд хэнд ч мэдэгдэхгүй, үзэгдэхгүй зарласан тендерт ямар ч оролцогч материал өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ.

“АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээр хийхээс 12 жилийн өмнө манайхан шууд нислэг үйлдэх саналаа илэрхийлж байсан гэдэг. Үүний хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-наас мэргэжилтнүүд 2012 онд ирж аудит хийжээ. Ингээд10 гаруй шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учраас үүнийгээ олон улсын стандарт, АНУ-аас тавьдаг шалгуур, ИКАО-гийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаж, ЗТХЯ, ИНЕГ-т өгөөд явсан аж. Тухайн үед ИНЕГ-ын өнөөгийн дарга Ч.Мөнхтуяа ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан тушаалтан байсан юм билээ. Тэр үедээ АНУ-ын талаас тавьсан шаардлагыг биелүүлэх талаар хүчин чармайлт гаргасан бол өдгөө эрсдэлтэй тулгарахгүй байсан нь ойлгомжтой. Хойд Америк руу нисэх САТ-1 үнэлгээг авч, энэ оны хоёрдугаар улиралд багтаж монголчууд АНУ руу өөрсдийн агаарын тээвэрлэгчээр шууд хүрэх боломж бүрдэх байсан биз.

Гэтэл ИНЕГ-аас зарласан 1.8 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тендер үр дүнгүй болчихлоо. Ийм их хэмжээний мөнгө үрэн таран хийхийн оронд нисэхийн нарийн мэргэшсэн инженер, доктор, профессоруудаа ажиллуулсан бол үр дүн гарах ч байсан юм бил үү. 

Үүнээс гадна ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын үйл ажиллагаатай тэрссэн өөр ч үйлдэл гаргаж буй гэх. Тодруулбал, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Гэтэл тус газрынхан үүнийг хэрэгжүүлэхгүй гэж ажилтан, албан хаагчдадаа мэдэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлэв. Тэдний өгүүлснээр тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийнхэн удирдлагатайгаа гурван талт хэлэлцээр хийгээд ажилтнуудынхаа цалинг 40 хүртэл хувиар нэмэх боломжтой гэж дүгнэн, санал болгосон юм байна. Гэтэл өнөөгийн удирдлага нь боломжгүй хэмээн татгалзсан аж.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47397