Г.Занданшатар: Энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, улстөрийн ширүүнийг тууллаа

Arslan.mn

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордонд болж байна. 

Хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа юм. 

Энэ удаагийн Парламентын хамгийн “отгон“ хаврын чуулганыг нээж Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр "УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Ирц 55 хувьтай байна.

Эрхэм хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа. УИХ-ын эрхэм гишүүд ээ, хүндэт зочид оо. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энэ чуулган 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн хугацааны отгон чуулган болж байна. Тэр ч утгаараа төр ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхний парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх учиртай.

Өнөөдөр тогтолцооны цогц реформын томоохон үр дүнг баталсан онцлог чуулган болж байгааг та бүхэн энэ танхимаас харж байна. Ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ Чингис хаан танхимдаа хуралдаж байна. Өнөөдөр түүхийн тохиолоор 30 гаруй жилийн дараа алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжүүлэн урагшлуулах шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна.

Энэ удаагийн парламент ачааны хүндийг, улстөрийн ширүүнийг туулж их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь халшралгүй шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлье.

Олон жил гарцсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч, тогтолцоо засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засч залруулж чадлаа. Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Тиймээс өнгөрсөн туршлага шүүн тунгаах, алдаагаа засч залруулах эрчилсэн давлагаа болж өрнөж байна. Эмх замбараагүй боловч, эмхлэн цэгцрэх хөдөлгөөн юм.

Улстөрийн намууд бодлогын институц болж төлөвших, санхүүжилт нь ил тод байх зарчмыг шинээр тусгасан. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр албан тушаал, эрх мэдлээ ашиглан бусдаас давуу байдал эдлэх боломжийг бүрмөсөн хязгаарласан. Хараат бус бие даасан шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийг баталсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль түүнтэй уялдуулан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулиудыг баталж, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох засаг захиргааны шинэчлэлийг тавилаа.

Мөн олны анхаарал татсан хэргүүдээр парламентад хянан шалгах түр хороо байгуулан нээлттэй сонсгол зохион байгуулж, ард түмний мэдэх эрхийг хангалаа. 

Үндэсний баялагийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Энэ чиглэлээр парламентад суудалтай улстөрийн намууд нэгдсэн ойлголтод хүрсэн. Ногоон автобусны хэрэг, ашигт малтмалын лиценз, газар олголтын байдал хяналт шалгалт хийх түр хороог ойрын хугацаанд нээлттэй сонсгол зохион байгуулж, монголын баялгийн хулгай луйврыг илчилнэ.

Хууль бусаар ашиглаж, бусдын гарт ороод байсан Салхитын мөнгөний ордыг төр ард түмний өмчлөлд буцаан авсанаар 240 гаруй мянган иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэсэн. Зээлгүй 240 мянган ахмадад 1 сая төгрөг олгосон. Энэ туршлага бол баялагтаа эзэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх угтвар нөхцөл байсан. Ашигт малтмалын том, жижиг ордууд тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчим нийцнэ.

Үүнтэй холбоотойгоолр АМНАТ-ын тооллогыг ч явуулах ёстой. Шүгэл үлээгчийн тухай хуулийг удаашралгүй батлуулахад ажлын хэсэг анхааран шуурхайлах шаардлагатай байна.

Хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад улстөрийн өрсөлдөөн өрнөнө " хэмээлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47403