УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож бүлгийн гишүүд бодлогын асуудлаар санал солилцсон байна.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар санал солилцлоо. Бүлгийнхээ байр суурийг бид илэрхийлэх ёстой. АН үндсэн 3 ойлголтоор санал тавьсныг дурьдвал,
- Нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлаар,
- Улс төрийн орчин болон хууль хяналтын байгууллагын шинэчлэл, шударга ёсны асуудлаар,
- Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчмын асуудлаар санал солилцсон бөгөөд АН-ын бүлгийн гишүүд асуулт асууж, саналаа тавьсан байгаа. Нэн түрүүнд ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох асуудлаар байр сууриа нэгтгэсэн гэж ойлгож болно.
Шинэ Засгийн газарт АН-ын зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багийг дэмжинэ гэдэгт санал нэгдлээ. Гэхдээ асуудал тодорхой байх ёстойг анхааруулсан. Дан болон давхар дээлний асуудал яригдаж эхэллээ. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын асуудалд шууд оролцохгүй, УИХ-ын гишүүн биш байгаа. Тиймээс ерөнхий чиг үүргийн яамдын давхар дээлний асуудлыг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байна." гэв