Улаанбаатар хотод өдөр бүр шинэ содон арга хэмжээ болдог билээ. Зарим нь тэнд сэлфи хийх гэж очдог бол нөгөө хэсэн нь зүгээр л нэрээ эсвэл байгууллагаа бүртгүүлэх гэж очдог. Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн үйл ажиллагааны дундуур яваад өгөх нь элбэг.
Та ажлын шаардлагаар эсвэл өөрийнхөө хүслээр томоохон хурал, зөвлөгөөн, арга хэмжээнд очиж байсан бол тэнд ирсэн хүмүүсээс доорх зүйлсийг ажиглаж байсан байх. Магадгүй та тэдгээрийн нэг ч байж магад.
Ингээд арга хэмжээнд очдог найман төрлийн хүний шинж чанарыг танилцуулья.
1. Шинийг сурч мэдэхийг эрэлхийлэгсэд: Ийм төрлийн хүмүүс үйл ажиллагааны ердөө 30 хувийг л бүрдүүлдэг гэхэд хилстэхгүй биз ээ. Очсон арга хэмжээ бүртээ өөрийгөө цэнэглэж, сурч мэдсэнээ бусдадаа хуваалцдаг хүмүүс байдаг даа. Тэд бол “ховорын бараа”.
2. Сoffee break, үдийн хоол “буудагсад”: Энэ төрлийн хүмүүсийг “хоол буудагсад” гэнэ. Тэд арга хэмжээнд идэвхитэй оролцдог ч арга хэмжээ эхлэхээс өмнө эсвэл хурлын турш үдийн хоолонд юу байх бол гэж боддог нь лавтай. Ингээд хүссэн зүйлээ “гүзээлж” аваад “сүүлээ хавчаад” алга болно.
3. Сэлфи хийж, фэйсбүүк, твиттерт Check in хийгсэд: Энэ төрлийн хүмүүсийг хоёр ангилна. Арга хэмжээндээ идэвхитэй оролцдог ч сэлфи хийхээ хэзээ ч мартахгүй. Нөгөө хэсэг нь өглөө арга хэмжээндээ ирж зураг авахуулж, check in хийчээд гэнэт хурлыг орхин одно.
4. Идэвхитэй асуулт асуугсад: Таны оролцож байсан арга хэмжээнд илтгэл бүрийн араас идэвхитэй асуугч байсан л биз дээ. Тэдний зарим нь асуултаа онож асуудаг ч зарим нь сэдвээсээ шал өөр зүйлийг асууж, дэмий цаг авах нь элбэг.
5. Эсрэг хүйстэн рүүгээ харц шидэгсэд: Тэднийг “өлөн нүдтэнгүүд” гэнэ. Энэ төрлийн хүмүүс арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгдөг. Тэд ямар хувцас өмсөх, ямар сүрчиг түрхэхээсээ эхлээд бүх зүйлдээ анхаарал хандуулна. Нийтэч хүмүүс байх бөгөөд арга хэмжээнээс дажгүй залуу/бүсгүй харсан бол заавал танилцаж амжина.
6. Тандагсад: Үйл ажиллагааныхан чиглэл нь ижил газруудын эвэнт арга хэмжээнд очиж бэлтгэл, зохион байгуулалт, илтгэгчид, хоол, цай зэрэг нь хэр болсон эсэхийг ажиглаж өөрсдийн үйл ажиллагаандаа тусгаж, төлөвлөдөг хүмүүс бас бий. Тэд үргэлж хаана, ямар шинэ санаа, содон зохион байгуулалттай арга хэмжээ байгааг эрэлхийлдэг. Авууштай тал нь олж авсан шинэ санаагаа дараа өөр нэг арга хэмжээндээ ашиглаж гайхалтай болгож чаддаг.
7. Хов базагсад: Арга хэмжээ болгон дээр таньдаг нэгэнтэйгээ “буу халаад” суудаг хүмүүс байдаг л биз дээ. Тэднийг хуралд оролцох гэж очсон гэхээс илүү хов базах гэж очсон гэхэд хилстэхгүй. Таньдаг нэгэн тааралдаа л бол хурлын дундуур ч бай, цайны завсарлагаанаар бай ч болсон болоогүй юм “чалчисаар” суудаг. Тэдний зорилго хурал бус, хүмүүстэй уулзаж ярилцаж, өөр ажлаа амжуулах.
8. Хоол “буудахаас” санаа зовогсод: Нэрэлхүү ч гэх үү нэг л их бантсан хүмүүс бас тэнд байна аа. Тэд хурлын дундуур гарч явах шаардлага гарахад цайны цаг, эсвэл үдийн хоолны цаг байсан ч хамаагүй зүгээр л гараад явчихдаг. Үнэндээ бол томоохон арга хэмжээнүүд хүний тоогоор үдийн хоолоо төсөвлөсөн байдаг.