Ямар ч төслийг амжилттай гүйцэтгэхэд төслийн багийн дотоод зохион байгуулалт маш чухал. Хэдий чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлсэн ч сайн зохион байгуулж чадахгүй бол бүтэлгүйтэх шалтгаан болж болно. Энэ зохион байгуулалтыг хийдэг гол хүн болох зохицуулагч, удирдагч, менежерээс төслийн амжилт шалтгаалдаг.
Юуны өмнө төслийн удирдагч гэж хэн бэ? Хүн бүр удирдагч гэхээр бүх талаараа төгс хэн нэгнийг төсөөлдөг. Угтаа бол жинхэнэ удирдагч гэдэг хаана ямар шийдвэр гаргахаа сайн мэддэг, баг хамт олныхоо хүчийг бүрэн чиглүүлж чаддаг хүн юм. Тэрээр төслийг амжилттай эхлүүлэх, төлөвлөх, боловсруулах, гүйцэтгэх, хянах, хаах ажлыг ерөнхийд нь хариуцан ажилладаг. Тиймээс төслийн гол хэсэг болсон төслийн удирдагч буюу менежерт байвал зохих чадваруудаас хүргэе.
Хувийн зохион байгуулалт
Юуны өмнө олон хүнийг удирдаж зохион байгуулахын тулд эхлээд өөрийн хувийн зохион байгуулалтыг сайжруулах нь зүйтэй. Сайн төслийн менежерүүд “Уучлаарай. Гэхдээ би яг одоо тусалж чадахгүй нь ээ” гэж сурамгай хэлж чаддаг. Учир нь тэд гол зүйлдээ анхаарлаа хандуулж ажилладаг. Багийн гишүүдээрээ хүндлүүлж, тэдний итгэлийг хүлээхийн тулд та цаг ашиглалтаа сайжруулж, хийх ажлаа чухал ба онц чухал биш зэргээр нь ангилж дадвал илүү үр дүнтэй.
Олон арван бүтээн байгуулалтын төслийн ажлуудыг удирдаж ард нь гарсан Метро Девелопмент группийн үүсгэн байгуулагч Б.Одсүрэн ажлын арга барил хийгээд цаг хэмнэх аргаа хувийн зохион байгуулалт, ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэхтэй холбон ярьсныг эндээс уншаарай.
Манлайлал
Манлайлал гэдэг дээр бид амбицлаг хэн нэгнээс илүүтэй санаачилгатай, бүтээлч нэгнийг хамаатуулж авч үзнэ. Төслийн удирдагч баг хамт олон дундаа үлгэр дууриал болж байдаг тул үргэлж бусдадаа ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг. Тиймээс төслийн менежер үргэлж шинийг санаачилж сайн үр дүн гаргаж чаддаг. Тэд аливаад бүтээлч хандахаас гадна ажлаа системтэй, эмх цэгцтэй хэрэгжүүлдэг. Шинийг санаачлагч + Бүтээлч сэтгэлгээ + Эмх цэгцтэй үйл ажиллагаа бол төслийн хүрээнд жинхэнэ манлайлал гэж ойлгож болно.
Ажиллаж буй төслүүдээ амжилттай урагшлуулахад санаачилга, бүтээлч байдал хэрхэн нөлөөлдөг тухай Mckinsey&Co-ийн зөвлөх Б.Мөнх-Эрдэнийн ярьсныг эндээс уншаарай.
Эрсдэлийг тооцоолох
Мэдээж төслийн үйл явцад ямар нэгэн асуудал, саад бэрхшээл зайлшгүй тулгардаг. Үүнийг амжилттай даван туулахын тулд эрсдэлийг урьдаас тооцоолж, хэн нэгний алдаанаас сургамж авч чаддаг байх хэрэгтэй. Мэдээж төслийн явцад урьдчилан тооцоолоогүй олон асуудал гарч болох хэдий ч ядаж зарим нэгийг нь таамагласан байвал сайн. Үүний тулд өмнөх төстэй төслүүдийн хэрэгжилтийг судалж, алдаанаас сургамж авч болно. Хэрвээ эрсдэл аль хэдийн нүүр тулж ирсэн бол маш хурдан нөхцөл байдлыг дүгнэн, өөр боломжит шийдвэрийг гаргаж чаддаг байх хэрэгтэй. Ямар нэгэн асуудлыг олон талаас харж сурснаар эрсдэлийг тооцоолоход хялбар болно.
Монголд стартап хөдөлгөөн идэвхжиж, залуусын дунд тренд болоход чухал үүрэг гүйцэтгэсэн Techstars-ийн бүс нутаг хариуцсан захирал Д.Бат-Октябрийн эрсдэлийг хэрхэн тооцоолох, хэрхэн боломж болгон ашиглах тухай өгүүлснийг эндээс унших боломжтой.
Хошин мэдрэмж
Төслийн чадварлага менежерүүд багийн дотоод уур амьсгалыг үргэлж эерэг байлгаж, бусдадаа ажилдаа чин сэтгэлээр хандахад тусалж сэдэлжүүлдэг. Тэд энэ үүргээ биелүүлэхэд хошин мэдрэмж чухал нөлөөтэйг ч мэддэг, хэзээ хошигнохоо ч сайн мэддэг байна.
Ажилтнуудтайгаа нөхөрсөг харилцаж, хамгийн сайн найз нь мэт үргэлж хаалгаа дэлгэн угтдаг, Монголын медиа салбарын хамгийн чадварлаг менежерүүдийн нэг Л.Балхжав захирлын ярилцлагаас та энэ талаар дэлгэрэнгүй уншаарай.
Буулт хийх + сонсох чадвар
Ямар ч баг бүрдүүлэхэд янз бүрийн ааш араншин, зан чанартай хүмүүстэй таардаг. Мөн төслийн хүрээнд өөр албан байгууллагатай гэрээ хэлцэл хийх зэргээр олон хүмүүстэй харилцах хэрэг гарна. Энэ үед өөрийнхөөрөө зүтгэхийн оронд заримдаа буулт хийх нь зөв байдаг. Бид таныг хэн нэгний үгээр бай гэж байгаа хэрэг огт биш бөгөөд орчин нөхцөлөөс хамаарч буулт хийх буюу зоригтой өөрчлөлт хийх эсэхээ шийдэж чаддаг байх нь давуу тал юм гэдгийг онцолж байна. Хэрвээ төслийн үеэр ямар нэг асуудал гарч ирвэл хамтаар хэлэлцэн шийдвэрлэх нь хамгийн зөв шийдэл бөгөөд бусдыгаа сонсож зарим тохиолдолд буулт хийж байх нь илүү ашигтай. Сайн менежерүүд үүнийг сайн мэддэг. Энэ нь ч багийн гишүүдийн хүндэтгэлийг хүлээх нэгэн шалтгаан болдог байна.
Монголын хамгийн чадварлаг борлуулагчдын нэг М.Энхжаргалын ярилцлагаас та дээрх чадварын ямар чухлыг, хэрхэн давуу тал болгон ашиглах боломжтойг анзаарах болно.
ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА
"Пи Эм Ай Монголиа Чаптер" 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА" олон улсын чуулганыг зохион байгуулж байна. Монгол улсын шилдэг төслийн менежерүүд, мега төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын цуглах энэхүү чуулган 2017 оны 10 сарын 6, 7-ны өдрүүдэд Бэст Вэстерн Премьер Туушин зочид буудлын хурлын танхимд "Суралц. Хүрээгээ тэл. Дэлхийн түвшинд хүр!" уриатайгаар явагдана.