Экологийн цагдаагийн албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийж байна.
Өнгөрсөн хугацаанд 25 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж 64 зөрчил илрүүлснээс орон нутгийн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагын 6 автобуснаас хууль бусаар агнагдсан байж болзошгүй 13 ширхэг тарваганы эд эрхтэн, Хуш модны цайруулсан самар 170 кг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт болон гэрээгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Өвөрхангай, Увс, Ховд аймгуудын авто тээврийн төвд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр АЛБАН МЭДЭГДЭЛ өгч, цаашид хот хоорондын зорчигч тээврийн автобусанд хууль бусаар зэрлэг ан амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг тээвэрлэхгүй байх, удаа дараа зөрчил гаргасан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлуулах хүртэл арга хэмжээ тооцуулахаар ажиллаж байна.