60-тай эр согтуудаа Саппарогийн бие үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Ч.Б, Б.Б нар бүлэглэн шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч хохирогч Б.А-г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745”-ээс бэлнээр 1,900,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хэрэгт холбогджээ.
Хохирогч Б.А-г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны орчимд буугаад замын хажуу талаас такси бариад Саппоро орчимд ирсэн. Тухайн үед биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэй хүнтэй уулзчихаад 1 эмэгтэй дагуулаад “АТМ”-ээс 1,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба ойролцоох дэлгүүрээс 0.70 литрийн “Эдэн” нэртэй архи, хэдэн лааз пиво аваад зочид буудалд орсон. Удалгүй анх танилцсан халимган үстэй эмэгтэй дахин нэг хүн дуудаад дөрвүүлээ болсон. Тухайн үед сүүлд орж ирсэн махлаг биетэй эмэгтэй нь “надад мөнгө өгөхгүй юм уу” гэхээр нь би дахин 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед би холоос ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амархан согтоод унтчихсан байсан. Тэр хооронд миний данснаас 1,900,000 төгрөг гарган авчээ. Надад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учирсан." гэжээ.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,900,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Тиймээс СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид хохирлоо барагдуулж гэм буруугаа хүлээсэн тул тус бүрийг нь нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Шүүхийн шийдвэрийн сан