Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө эмэгтэй дөрвөн жингийн финалын барилдаанууд болсноос Монголын шигшээ багийн тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд -59 кг жинд мөнгөн медаль хүртлээ.
Урьдчилсан шатанд Мексикийн Алехандра Ривера Арригаг 10-0 харьцаагаар ялсан тэрээр шигшээ 16-д Канадын Лоренс Бьюрегардтай 8-8 харьцаагаар тэнцэн бүхэл онооны илүүгээр ялсан. Улмаар шөвгийн наймд Азербайжаны Алёна Колесникийг 9-0, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4-1 харьцаагаар тус тус ялж финалд шалгарсан юм. Харин финалд Японы Рисако Кинжод 4-2 харьцаагаар ялагдан мөнгөн медаль авлаа.