Өрхийн нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 (0.8 хувь) мянган төгрөгөөр буурлаа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого буурахад тэтгэвэр, тэтгэмжийн орлого 15.2 (9.2 хувь) мянган төгрөг, бусад орлого 5.2 (7.0 хувь) мянган төгрөгөөр өссөн хэдий ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 19.9 (24.6 хувь) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 898.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.4 (4.6 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 43.0 (6.9 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120.0 (13.8 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 96.6 (11.1 хувь) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 154.8 (17.8 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 158.3 (18.2 хувь) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 297.5 (34.2 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 292.2 (33.6 хувь) мянга байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 33.9 (3.9 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 42.6 (4.9 хувь) мянга байна
Улсын хэмжээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 42.1 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулж байна.