Хүүхдийн зулай хонхойх, уйлахад нулимс гарахгүй болох зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2024.11.29/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчин, уушигны хатгаатай 207 өвчтөн эмчлүүлж байна. Тэднээс зургаа нь эрчимт эмчилгээний тасагт байна. Хатгаатай, хүчилтөрөгчийн дутагдалтай хүнд хүүхдүүдийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа юм.

Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 40-60 хүүхэд ирж үйлчлүүлж байгаагаас  80 хувь нь хэвтэж байна. Дийлэнх нь халууралтай, ханиалгатай, хатгаатай, өрх, дүүргээр үзүүлээд хэвтэх шаардлагатай гэдэг зөвлөмжтэй.

ЭНЭҮТ-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын эмч О.ТҮМЭНДЭМБЭРЭЛ:

-Хүүхэд хоногтоо буюу сүүлийн 24 цагт дөрөв буюу түүнээс дээш удаа шингэн ялгадас гарахыг суулгалт гэж нэрлэдэг. Суулгалт, бөөлжилтийн шинж тэмдэг үзүүлсэн нөхцөлд хүүхэд эрдэс шингэнээ их хэмжээгээр алддаг учраас амь нас эрүүл мэндэд нь хохирол учруулах эрсдэлтэй хүнд өвчин.

Мөн суулгалтаас болоод гэдэсний ханаар шимэгдэх шимт бодисын хэмжээ нь багассанаас хүүхэд жингийн алдагдалд хүрч, турдаг. Үүнээс болж ойр ойрхон өвчилж, мөн өвчин нь хүндэрдэг. Суулгалт, бөөлжилтийн үед асаргааг цаг алдалгүй эрт эхэлж чадвал гэрээр эмчлэгдэх боломжтой.

Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд ямар нэгэн зовиур шаналгаагүй хэр нь живхнээс нь хальж гарсан, цайвар шаргал өнгөтэй шингэн гардаг. Энэ нь суулгалт.

Гэрийн асаргааг зөв хийж чадвал 5-7 хоногт суулгалт зогсох боломжтой. Гэрийн асаргааг зөв хийж чадахгүй бол суулгалт хүндэрч, шингэн алдалт нь усгүйжүүлэлтэд хүргэдэг.

Нэгдүгээрт, дээрх тохиолдолд шингэн зүйлийг ердийнхөөс илүү хэмжээтэйгээр ойр, ойрхон өгнө. Усаар зөвхөн шингэнийг нөхөх боломжгүй, хросолоор нөхнө. Хросолыг бага багаар бүлээнээр өгнө. Шприц юм уу, халбаганд хросолыг бага, багаар хийж уулгана. Хросол өгөх үед хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд өмнө өгч байсан эрчмээсээ бууруулж өгөх хэрэгтэй. Ингэж хросолыг бага, багаар бүлээнээр өгч байж алдаж байгаа шингэнийг нөхнө.

Шингэнийг нөхөхийн тулд хоёроос доош насны хүүхдэд суулгалт бөөлжилт бүрийн араас 50-100 мл хросол уулгана. Хоёроос дээш настай хүүхдэд суулгалт бөөлжилт бүрийн араас 100-200 мл хорсол уулгаж чадвал алдаж байгаа шингэнийг нөхөж чадаж байна гэж ойлгож болно.

Хүүхэд хоногтоо 5 удаа шингэн алдвал 500 мл хросолыг бөөлжүүлэхгүйгээр өгч чадвал шингэн алдалтаас сэргийлж чадна.

Мөн ийм үед хоолны дэглэм барина. Жигнэж болгосон, шөлтэй устай, хүүхэд амархан шингэхээр хоол хийж өгнө. Чихэр, жимс, өтгөн жүүс, чихэрлэг хүнс хэрэглэх юм бол суулгалтыг даамжруулахаас гадна өвчин эдгэрэлтийг удаашруулах сөрөг талтай.

Ариун цэврийн дэглэм баримтална. Гаднаас орж ирж байгаа хүн хувцсаа тайлж, гараа угаагаад ам хамраа зайлаад хүүхэддээ хүрнэ. Шингэн баас болон бөөлжилтийг цэвэрлэсний дараа гараа сайтар угааж хүүхэддээ хүрэхгүй бол халдварыг тараах эрсдэлтэй.

Аюултай шинжийг анзаарах ёстой.

  • Хүүхэд унтаарах,
  • Ноомой болох,
  • Тайван бус цочимхой болох,
  • Нүд нь хонхойх,
  • Зургаан сараас доош сартай хүүхдийн зулай хонхойх шинж тэмдэг илэрвэл.
  • Шингэн зүйл уухгүй байх,
  • Мөөмөө хөхөх чадваргүй болох,
  • Уйлахад нулимс гарахгүй болох,
  • Ердийнхөөс бага хэмжээтэй шээх тохиолдолд эмнэлэгт яаралтай хандана.

Шингэн зүйлийг ердийнхөөс илүү хэмжээгээр бага багаар ойр ойрхон шингээж өгч чадвал шингэн алдалт усгүйжүүлэлтээс сэргийлэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
51929