Тэд ашиг сонирхлын зөрчлөөс ангид гэдгээ батлах учиртай

Эхлээд хэдэн жишээ хэлье. 2007 оны наймдугаар сард Хятадын Сангийн сайд Жин Жэн Цинийг ажлаас нь чөлөөлсөн.  Энэ мэдээлэл дэлхийн бизнесийн ертөнцөд нэлээд шуугиан тарьсан юм.  Учир нь валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Хятадын мөнгийг хэрхэн зарцуулах, юанийн ханш ямар байхыг Жин Жэн Цин барьж байв. Түүний нууц амраг нь Жэзян мужийн Нино хотын Коммунист намын хорооны дарга Дун Шичэнийг сайдтай холбодог гүүр нь болж байснаас огцорсон байна.

Францын Сангийн сайд Jerome Cahuzac-ийг 2013 оны гуравдугаар сард огцруулсан. Түүний офшор  данснаас 600 мянган евро илэрсэн юм. Түүнээс өмнө Шведийн нэгэн банкинд бас нууц данстай байсан тухай шуугиан дэгдсэн ч  Jerome Cahuzac  үүнийгээ үгүйсгэж байжээ.

Мөн 2014 оны аравдугаар сард Японы Худалдаа, Үйлдвэрийн сайд Юко Обучи огцрох өргөдлөө өгчээ. Юко Обучи намынхаа дэмжигчдийн хандивласан мөнгөөр шинэ загварын бараа худалдан авч, улс төртэй огт холбоогүй зүйлд зарцуулсан байв. Бас 2012 оны арга хэмжээнийх нь санхүүгийн баримт байхгүй байжээ. Түүнчлэн уг хандивын мөнгөөр түүний эгчийн компаниас 3.8 сая иенийн бараа худалдаж авсан байна.

Дэлхийн зарим улсын дээрх жишээнүүд нь манайхаар бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн шиг байгаа юм. Манай улс “ашиг сонирхлын зөрчил” гэдгийг хуульдаа нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэж заажээ.

Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдад нэр дэвшигчидтэй холбоотой таагүй мэдээллүүд маш их байна. Хэвлэлүүд их бичиж байна.

ХХААХҮ-ийн сайд болох гэж байгаа УИХ-ын гишүүн Б.Батзоригтой холбоотой газрын асуудал их байгаа тухай бичиж байна.

Заримаас нь дурдвал www.24tsag.mn сайтад  “БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзориг хууль бусаар газар олгосон нь илэрчээ” нийтлэл, www.shuurhai.mn сайтад иргэн Ч.Бат-Эрдэнийн өгсөн ярилцлага, www.assa.mn сайт мөн л “Б.Батзориг, Т.Насанхүү нар 3,000 иргэний газрыг хулгайлжээ” гэсэн материалыг нийтэлжээ. Энэ бүхэн газартай холбоотой ажээ.

Мөн түүнийг Чойжин ламын сүм музейн газраас хумсалж өндөр байшин барьсан. Үүнийг нь шүүх хамгаалсан гэж байна.

Бас Сангийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тухай мэдээлэл их бичигдэж байна. Бас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ч, УИХ-ын зарим гишүүн ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын “…Ах дүүгээрээ Монголын байгалийн баялгийг зарсан Чимэдийн Хүрэлбаатар арай Сангийн сайд болохгүй биз дээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ” гэж цахим хуудастаа бичсэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “…Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан стратегийн ордыг барьцаалж, “Bank of China”-г Монголд оруулж ирэх хөрсийг бэлтгэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байсан.

Тиймээс Сангийн сайдад нэр дэвшигчийг эсэргүүцэж байгаа” гэсэн, www.sodon.mn сайтад “Ноён Арван хувь хочит Ч.Хүрэлбаатарын арын халаасанд юу байдаг вэ” гэсэн, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн “…Чамайг ЗГХЭГ-ын дарга байхад Оюутолгойн гэрээ байгуулагдсан. Оюутолгойн онгоцны буудлыг “Арц суварга” компани барьсан. 15 сая ам.долларын төсвийг чи 65 сая ам.доллар болгосон. Энэ чиний компани гэсэн. Шалгуулна за юу” гэсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болохоор яригдаж байгаа энэ цаг үед түүний дүү Асашёорюү Д.Дагвадорж гэв гэнэт Хармагтайн ордод анхаарал тавиад эхэлснийг олон нийт бас л ашиг сонирхлын зөрчилтэй холбон шүүмжилж байна.

Үүнээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газарт яаж ийгээд сайд болох гэсэн сонирхолтой нөхдүүд хэд хэдээрээ орж ирлээ. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилогдсон чуулганд суулгүй гадна нь мэдээлэл хийж зогссон хүн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин юм.

Тэрээр “…У.Хүрэлсүх бидэнтэй тохиролцохгүй байна. Намын эв нэгдлээ бодохгүй байна. Зарчимгүй байна” гэж яриад зогсож байв. Бас “…Би сайд болох гээгүй” гэж хэд  ч мэдэгдэв дээ. Гэсэн ч Шадар сайд болох гээд сууж байна. Тэрээр өмнө нь Ерөнхий  сайдад өрсөлдөөд унасан юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд ч бас Ерөнхий сайд болно гэж өрсөлдсөн. Унасан. Тэгээд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар орж ирж байна. Ер нь энэ хоёр эрхмийн тухайд заавал албан тушаал авах ашиг сонирхол тээгээд байна гэж харагдаж байгаа юм. Ийм нэг гишүүн  өөр ч байж байгаа. Хэдхэн хүнээ ингэж эргүүлж, тойруулаад яаж ийгээд багтааж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар хачин эвгүй харагдахаас гадна энэ хэдэн сайдад эрх ашгийн зөрчил байхгүй гэх баталгаа алга.

Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн мэдэгдсэн давхар иргэншилтэй гишүүний асуудлыг онцгой анхаарах ёстой. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч багтсан байж магадгүй мэдээлэл байна. Давхар иргэншилтэй, гадаадад орон сууцтай нэг гишүүний талаар цахимаар бичигдээд байгааг яриад байх шиг байна.

Сайдад нэр дэвшигчдийн талаар цаагуур  чинь иймэрхүү яриа хөөрөө байна.  Гэхдээ тэд сайд болоход ганцхан хуруу дутуу буюу Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрын зөвшилцлийн хариуг хүлээж байгаа юм.

Хэрэв Ерөнхийлөгч “ОК” гээд хариу өгвөл УИХ тэднийг “ногоон гэрэл”-ээр томилно. Учир нь МАН 65 гишүүнтэй. АН-ынхан ч дэмжинэ. Сайд болох гэж байгаа хүнд саад болох зүрхтэй улстөрч байдаггүй юм. Тэр тусмаа сайдыг эсэргүүцээд гүйнэ гэдэг бүрэн эрхийнхээ хугацааг дуустал тойрог нь “тойргийн гадна” үлдэх аюултай.

Уг нь энэ өөр асуудал. Сайд нарыг эсэргүүцэх тухайд бус юм. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс  сайд болоод байдаг жишиг цаашид бий болох вий.

Эдэнд эргэлзэх шалтгаан байж болохыг баахан баримт дэлгэсэн мэдээллүүдээс харж болохоор байна. Тэд энэ удаад сайд болж болно. Гэвч тун удахгүй УИХ-ын сонгууль болно. Сайдаа өгөөд  “зодог тайлаад” явчихгүй нь тодорхой. Дахиад нэр дэвшиж л таарна. Тэр үед энэ яригдана.

Нөгөөтээгүүр, Монголын төр улстөрчдөө, төрд ажиллагсдаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид болгохоор ажиллаж  эхэлж байна. Хууль нь ч хар нялхаараа байна. Тиймээс ийм үед нь хүчээр зүтгэж, Монголын улс төрд муу жишиг тогтоохгүй явах эрх ч, үүрэг ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний танхимын сайдад нэр дэвшигчдэд бий. Тиймээс тэд ашиг сонирхлын зөрчлөөс ангид гэдгээ л батлах учиртай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5194