Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр ХХААХҮЯ-ны ТНБДтТ.Жамбалцэрэн "УИХ, Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймаг руу шилжин ажиллаж байгаа. Сайдын тушаал гарч нийт ажилчдын 70 орчим хувь нь Дархан-Уул аймагт ажиллаж байна. 30 орчим хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Албан хаагчдын орон сууц, нийгмийн асуудал шийдвэрлэгдсэний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 100 хувь Дархан-Уул аймаг руу шилжиж ажиллана." гэв.