Банк бус санхүүгийн байгууллагад 2.3 сая хүн зээлтэй байна

Arslan.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн болон даатгалын, банк бус санхүүгийн зах зээл, хадгаламж, зээлийн хоршоод, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн арилжаа, виртуал хөрөнгө, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зэрэг нийт 11 салбарын зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оны байдлаар санхүүгийн салбарын зах зээлийн нийт үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 26.5 хувийг эзэлж байгааг тус хорооны дарга Т.Жамбаажамц танилцууллаа.

Салбаруудыг зохицуулах хүрээнд мөрдүүлж байсан захиргааны хэм хэмжээний 79 актыг цөөрүүлж 35 болгосныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцолж, тус хорооноос олгож буй тусгай зөвшөөрлийн тоог 30, үүний дотор энгийн зөвшөөрлийн тоог 15 болгож бууруулах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байгааг мэдээлсэн юм.

Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй байна.

Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан зээлдэгчид эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь тус салбарт нэвтэрсэн финтек буюу дэвшилтэт технологийн нөлөөгөөр үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирсныг илтгэн харуулж буй юм.

Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц тэмдэглэв.

Тиймээс энэ оны гуравдугаар сарын 20-нд Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авахыг хориглон, үнэт цаас гаргах болон итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өөрийн хөрөнгөнд харьцуулсан харцааг 30-60 хувь болгон бууруулж, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан байна. Мөн ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгон чангатгаад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54305