УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.04.22) хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан " 2024 оны арванхоёрдугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортолж эхэлсэн. Эдгээрээс 18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Эдгээр эм нь зах зээлийн бусад ижил төрлийн эмийн үнээс даруй 30-90 хүртэл хямд үнэтэй байна. Эмийн импортын хүрээнд Швейцар, Солонгос, Япон зэрэг орнуудын үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийж байгаа.
Солонгосын үйлдвэрүүдтэй хэлцэл хийгээд хямд үнэтэйг нь сонгоод явсан. Үүнд ямар нэгэн хуулийн зөрчил үүсээгүй гэж бодож байна. Эм оруулж ирэх сонгон шалгаруулалтыг тендерээр хийсэн. Өнөөдөр үр дүнгээ өгөөд эхэлсэн. Өмнө нь чихрийн шижингийн эмийг авах гэж сардаа 60 мянган төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 6600 төгрөг төлж байгаа. Цус шингэлэх эмийг өмнө 60-70 мянган төгрөгөөр авдаг байсан өнөөдөр 6-7 мянган төгрөг төлөөд сарынхаа хэрэглээг авч байна. Бид 2026 оны төгсгөл гэхэд бүх эмдээ энэ бодлогыг хэрэгжүүлнэ." гэв.