Засгийн газрын ээлжит хурлаас гарсан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна.
"Тавантолгой ордын "Бор тээг"-ийн уурхайд түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг ХҮЧИНГҮЙ болголоо"
Тэрбээр, "Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Тавантолгой ордын "Бор тээг"-ийн уурхайд түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болголоо. Өнгөрсөн хугацаанд бидний илрүүлсэн баримтад үндэстэн дамнасан хэлхээ бүхий схем үүсгэсэн 250 сая ам.доллар зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж өгснийг АТГ хэрэг үүсгэж, ажиллаж эхэлсэн.
УЕПГ-ын шийдвэрээр цагдаатай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийх хэргүүдийг илрүүлэх юм.
Монголын баялгаар тоглож байгаа ийм үйлдэл давтагдвал Монголын хууль хэрэгжих л ёстой. Тиймээс Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанчаар хандах ёстой юм" гэв.
"Аль намын, хэн эзэмшсэн байх нь энд огт хамаагүй. НУУРАА Ч АВНА, ХУДГАА Ч АВНА, ОВООЛГОО Ч АВНА, овоогоо ч авна"
Мөн тэрбээр "Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг.
"Төгрөг нуур" ч бай, "Ухаа худаг" ч тэо, овоо толгой, уул овоолго бүгд Монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй.
Ийм учраас ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх, баялгийн сангаараа дамжуулан эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн улс.
Аль намын, хэн эзэмшсэн байх нь энд огт хамаагүй. Хуулийн дагуу НУУРАА Ч АВНА, ХУДГАА Ч АВНА, ОВООЛГОО Ч АВНА, овоогоо ч авна" гэв.