Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори нь энэ сарын 18-21-ний өдрүүдэд олон улсын итгэмжлэлийн байгууллага болох ILAC (International Laboratory Accreditation Cooperation)-ын гишүүн БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-н хяналтын шатны давтан үнэлгээнд амжилттай хамрагдаж, итгэмжлэлийн эрхээ үргэлжлүүлэн баталгаажууллаа.
Гаалийн төв лаборатори нь уул уурхайн хүдэр, баяжмал, нүүрс, газрын тос зэрэг нийт долоон нэр төрлийн бүтээгдэхүүний 35 үзүүлэлтээр шинжилгээ хийх эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд CNAS-ын итгэмжлэлийн эрхээ амжилттай сунгаснаар Гаалийн төв лабораторийн хийсэн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрч, Монгол Улсаас экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа болон зардлыг бууруулах, бизнес эрхлэгчдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн болон Тохирлын үнэлгээний үндэсний итгэмжлэлийн төвийн төлөөллүүдээс бүрдсэн үнэлгээний баг Гаалийн төв лабораторид хийгдэж буй магадлан шинжилгээ, түүнтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоо, баримт бичгийн хөтлөлт болон техникийн тайлангууд, орчин нөхцөл зэргийг газар дээр нь шалгаж, дэлгэрэнгүй танилцаж хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Гаалийн төв лаборатори нь олон улсын чанар, стандартад нийцсэн, итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүнд шинжилгээний шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийг лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна.