Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.
Тэрбээр, " Улс төржиж цаг алдмааргүй байна, бүтээн байгуулалт дээрээ төвлөрье. Ганцмод-Гашуунсухайтын гэрээ тарифтай холбоотой олон улсын нөхцөл байдалд шууд нөлөөлнө. Энэ гэрээг БНХАУ, олон улсын хөрөнгө оруулагчид бүгд харж байна.Дөрвөн улиралтай орны хувьд бага улс төржиж, бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, их зүйлийг амжуулцгаая" гэв.