Нийгмийн даатгалын байгууллага 2025 ондоо багтаан 330 суманд нийгмийн даатгалын цахим системийг нэвтрүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагч, харилцагчдад түргэн шуурхай, ил тод, нээлттэй үзүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд албан хаагчдыг нийгмийн даатгалын мэдээллийн “Sicos” системийн талаар нэгдсэн ойлголттой болгох зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар болон 21 аймаг, 9 дүүргийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үндэсний зохицуулагч П.Болормаа нар оролцож, “Сургалтад хамрагдаад өнгөрөх биш, сургалтаас олж авсан мэдлэгээ бусдадаа түгээх, сумдад нийгмийн даатгалын цахим системийг нэвтрүүлэхдээ ажил хэрэг болгон ашиглах”-ыг онцолсон юм.
Сургалтад нийт 90 албан хаагч оролцож байгаа бөгөөд тэд нийгмийн даатгалын мэдээллийн “Sicos” системийн сургагч багшаар бэлтгэгдэж байгаа юм. Ингэснээр сумдад “Sicos” системийг нэвтрүүлэх боломж бүрдэж, ажилтнуудын ажлын ачаалал буурч, иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагчдад цаг алдалгүй, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.