Архангай аймагт өнөөдөр их хэмжээний цас орсноос Тариат, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Эрдэнэбулган гэсэн сумдад 35 автомашин, 100 гаруй иргэн цасанд боогджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аврах ажиллагааны дуудлагаар ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн тусгай зориулалтын мэргэжлийн анги “Архангай АЗЗА” ТӨХК-ийн 15 алба хаагч, таван техниктэй, сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
Мөн Солонготын даваанд 2025 оны 05-р сарын 04-ний өдөр их хэмжээний цас орж, мөстөж халтиргаа гулгаа үүссэн тул Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн 9 алба хаагч, 2 техниктэйгээр ажиллаж тухайн даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг хангажээ.
Түүнчлэн Завхан АЗЗА компанийн ажилчид зорчих хэсгийн цасыг хусчээ. Түүнчлэн Завхан аймгийн Онцгой комиссын 01 дүгээр албанд мэдэгдэлээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А 0603 дугаартай Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг 05 сарын 04-ний 17:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргаад байгаа юм.
Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ мэдээллийг сонсож тухайн чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.