Өнгөрсөн оны нэгдүгээр сард Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн. Хуулийг ийнхүү шинэчлэн батлахдаа намуудын ил тод байдал, жендерийн эрх тэгш байдал, дотоод ардчилал зэрэгтэй холбоотой тодорхой шалгуурууд заасан. Мөн эдгээрийг хангаагүй бол намууд төрөөс санхүүжилт авах боломжгүй болох үр дагавартай байхаар хуульчилсан.
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулиар УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн нам, эвсэлд нэгэн бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн турш төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авсан
- МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг,
- АН 2.1 тэрбум төгрөг,
- ХҮН нам 993 сая төгрөг,
- Үндэсний эвсэл 446 сая төгрөг,
- Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг,
- Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг,
- Үнэн ба зөв нам 250 сая төгрөг төрөөс “халааслана”.
Нийтдээ 7,4 тэрбум төгрөг татвар төлөгчийн халааснаас намууд руу шилжинэ.
Гэхдээ дээр дурдсанчлан улс төрийн намуудад шалгуур үзүүлэлт тавьсан бөгөөд тухайн үзүүлэлтүүдээ аудитын байгууллагаар баталгаажуулан, СЕХ-д тайлагнаж, Үндэсний аудитын байгууллагаар мөн баталгаажуулах аж.