Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг оновчтой арга, хэлбэрээр тодорхойлж, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэг өнөөдөр /2025.05.05/ Багануур дүүрэгт болж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдлага, алба хаагчид оролцлоо.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн замын хөгжлийн газар, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллага, орон нутгийн иргэд оролцож байгаа юм.
“Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэг нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд гаргасан санал, зөвлөмжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглахаар зорьж байна.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл харьяа агентлагийн алба хаагчидтай уулзаж, зарим асуудлыг шийдвэрлэн ажлын амжилт хүслээ.