Прокурорын байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Цаг уур орчны шинжилгээний газрын ажилтан С.Э нь тендер сонгон шалгаруулалтад нэр бүхий аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийн сангийн лавлагаа ирүүлээгүй байхад ирүүлсэн мэтээр танилцуулж, улмаар тухайн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нөхөн авч тендерийн баримт бичигт хавсаргаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.