Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн бөөрний мэс заслын тасаг нь бөөрний хавдрын үеийн мэс заслын эмчилгээ, тусламжийг үзүүлж байна. Бөөр шээсний замд тохиолдох хорт хавдрын үеийн дурангий болон нээлттэй мэс заслын онцлог, ялгаа, үр дүнгийн талаар УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн мэс заслын эмч А.Ханхонгороос тодрууллаа.
Тэрбээр, "Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь бүх төрлийн хавдрын үеийн мэс заслын дийлэнх хувийг буюу 70-80 хувийг дурангийн аргаар хийж байна. Үүнээс сүүлийн жилүүдэд хамгийн их хийгдэж буй мэс засал нь бөөрний хавдрын мэс засал байна.
Бөөр ,шээсний замын хавдрын тохиолдол ЗАЛУУЖИХ хандлагатай болсон. Тиймээс хавдрыг томрохоос нь өмнө буюу 1-5 см-тай хавдрыг дурангийн аргаар тайрах МЭС ЗАСЛЫГ хийж байна. Бидний хувьд мэс заслыг өвчтөнд хүндрэл бага байлгах, бага зүслэгтэй дурангийн аргаар мэс засал хийхийг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн химийн эмчилгээний тасагт эмчилгээгээ хийлгээд гарах бүрэн боломжтой.
Сүүлийн жилүүдэд эрт илрүүлгийн тусламжтайгаар хавдрын тохиолдлыг эрт үед нь илрүүлэх, үүнээс гадна хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах нь нэмэгдсэн байна." хэмээлээ.