
Бусдыг захиалгаар алуулсан Ё.Баттөгсөд шүүхээс хорих ял оноолоо.
Тодруулбал, Бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгс гэх Монгол Улсын иргэнийг өнгөрсөн онд /2024.07.11/ ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран Монголд албадан авчирч, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн. Улмаар Прокуророос Ё.Баттөгсөд Эрүүгийн хуулийн 10.1.2-2.3, 2.5, 2.11 буюу хүнийг захиалгаар, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан гэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл Ё.Баттөгсөд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2025.05.05/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүхээс Ё.Баттөгсийг хүнийг захиалгаар алуулсан гэм буруутайд тооцож, түүнд 20 жилийн хорих ял оноолоо.
Харин Ё.Баттөгсийн захиалгаар бусдыг алсан Э.А нь өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 онд иргэн Г.А-г хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон. Улмаар 2016 онд ОХУ руу оргон зайлж, БНХАУ руу дамжин орсон байсныг интерполоор эрэн сурвалжилж, баривчлан 2017 онд монголд авч ирсэн. Ингээд шүүхээр түүнд 19 жилийн хорих ял оноож байв.
