С.ЗУЛПХАР: Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн үндэс тавигдсан, цаашид гүнзгийрүүлэх хэрэгцээ бий

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Зулпхар нийгмийн хамгааллын чиглэлээр олон жил ажилласан судлаач эрдэмтэн, 2020-2024 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж, нийгмийн даатгалын салбарын суурь хуулийг шинэчлэн боловсруулахад гар бие оролцсон нэгэн билээ. Түүнтэй нийгмийн даатгалын тогтолцоо, шинэчлэлийн талаар ярилцлаа.  

-Та манай улсын нийгмийн даатгалын тогтолцоог хөгжлийнхөө аль шатанд явна гэж дүгнэдэг вэ? 

-Нийгмийн хамгааллын бүрэлдэхүүн хэсэг болсон нийгмийн даатгалын тогтолцоо Монгол Улсад үүсэж хөгжөөд 83 жил болж байна. Энэ хугацаанд  нийгмийн хөгжлийн ялгаатай уялдаад янз янзын хөгжлийн үе шатыг дамжсан. НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас улс орнууд өөрийн онцлогт тохирсон нийгмийн хамгааллын тогтолцоотой байхыг чухалчилдаг зарчмаар л бид явж байгаа. 

Манайд нийгмийн хамгааллын гурван том дэд тогтолцоо байдгийн нэг нь нийгмийн даатгал. Энэ нь ажил хөдөлмөр хийж байгаа хүн ажил хийж байх явцдаа болон өндөр насны тэтгэвэрт гарсан үедээ өөрт учирч болох урт хугацааны, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа түр алдах, ажилгүй болох, хүүхэд төрүүлэх зэрэг богино хугацааны санхүүгийн эрсдэлийг даван туулахад чиглэсэн тогтолцоо юм. 

Нөгөөх нь нийгмийн халамж. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, ажил хөдөлмөр хийгээгүй янз бүрийн насны, нийгмийн тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй зорилтот бүлгийн хүмүүсийг халамжийн тогтолцоогоороо хамгаалдаг. Жишээ нь, харж хандах хүнгүй үлдсэн өнчин хүүхэд эцэг, эх нь ажил хийж байгаагүй ч түүнд халамжаас тэтгэмж олгоно. Энэ бол тухайн хүүхдэд үзүүлж байгаа нийгмийн хамгааллын үйлчилгээний нэг хэсэг. Харж хандах хүнгүй, тодорхой шалтгаанаар хөдөлмөр эрхэлж байгаагүй ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй бүх хүнд нийгмийн хамгааллын бодлого хүрэх ёстой. Үүнийг нийгмийн халамжийн арга хэрэгслэлээр хийдэг гэсэн үг. 

Харин эрүүл саруул, хөдөлмөр хийх бүрэн боломжтой, хөдөлмөрийн насны хүн амд үзүүлэх нийгмийн хамгаалал бол хөдөлмөр эрхлэлт юм. Энэ гурван тогтолцоо зэрэг ажиллаж байж олон улсын байгууллагуудын баримталж байгаа зарчимд нийцсэн нийгмийн хамгааллын зохистой тогтолцоо бүрдэнэ. 

Манай 83 жилийн түүхтэй нийгмийн даатгалын салбар зохих түвшинд өөрийнхөө сорилтыг давсан, зохих түвшинд нийгмийн янз янзын үе шатанд үүргээ гүйцэтгэсэн ийм тогтолцоо гэж үзэж болно. Зах зээлийн эдийн засагт тохирсон нийгмийн даатгалын тогтолцооны үндсийг 1994 онд Нийгмийн даатгалын тухай хуулийг баталснаар тавьсан гэж үздэг. Үндсэндээ 30 жил болж байгаа энэ тогтолцоо нь хүн амын өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр алдах, эрүүл мэндээрээ хохирох, ажилгүй болох, тэжээгчээ алдах зэрэг санхүүгийн баталгаа нь алдагдсан нөхцөлд тэтгэвэр, тэтгэмж төлбөр олгох зорилготой юм.

-Хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн төлсөн шимтгэлийг буцааж хуваарилдаг л тогтолцоо гэж ойлгож болох уу?

-Энэ зүгээр мөнгө хураагаад буцааж тараадаг тогтолцоо гэж ойлгож болохгүй л дээ. Нийгмийн даатгалын тогтолцоо ажилтны болон ажил олгогчийн төлж буй шимтгэлийг хуримтлуулдаг сантай. Сан нь хамтын зарчимтай. Хуримтлагдсан хөрөнгийг өндөр насанд хүрсэн ахмадууд, ажилгүй болсон, хөдөлмөрийн чадвараа түр алдсан ажилтан, жирэмсэн болон хүүхдээ харж асарч буй ээж, тэжээгчээ алдсан хүүхэд, хөгшчүүдэд тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр олгодог хуваарилалтын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг.   

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ л зарчмаараа санд хуримтлагдсан орлогыг эрсдэл үүссэн хүмүүст тухайлбал, ажилгүй боллоо гэхэд дараагийн ажлаа олох хүртэл нь тухайн шимтгэл төлөгч иргэнийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа алдсан, үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд мөн л хөдөлмөрийн чадварыг нь сэргэх хүртэл нь тэтгэмж олгодог.

Мөн нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан аав ээжийнх нь хэн нэг нас барвал тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхдэд нь өгнө. Ингээд харахаар ганц шимтгэл төлөгч хувь хүний биш давхар тухайн хүний гэр бүлийн санхүүгийн эрсдэлийг хамт дааж байгаа. Нэг үгээр хүнээ бодсон маш чухал бөгөөд маш зөв тогтолцоо юм. 

-Манайхтай адил тогтолцоотой улс хэр олон байдаг бол?

-Дэлхий дээр 170 гаруй улс өөр өөрийн онцлогт тохирсон нийгмийн даатгалын тогтолцоотой байна. Нийтлэг байдлаараа мэдээж хэрэг ижилхэн, гэхдээ тодорхой ялгаануудтай. Зарим нь цэвэр хуваарилалтын тогтолцоотой бол, зарим нь хагас хуримтлалын, бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжчихсэн байх жишээтэй. 

Манайх 2023 оны долдугаар сард Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан. Энэ бол нийгмийн даатгалд 30 орчим жилийн дараа хийж буй том реформын үндсийг тавьсан шинэчлэл болсон. Өнгөрсөн хугацаанд манай даатгалын тогтолцоо зохих үүргээ гүйцэтгэлээ гэж үзсэн тул дараагийн реформыг хийх цаг нь ирсэн гэсэн үг. Энд төр ч оролцсон. Төр тодорхой улсуудын тэтгэвэр болон шимтгэлийг хариуцаж ирсэн. Одоо ч тэр зохицуулалтууд байгаа. Тэгэхээр нэгэнт үүргээ гүйцэтгэсэн энэ тогтолцоо цаашдаа өөрийгөө тогтвортой авч явах, аль болох бага эрсдэлтэй байхын тулд шинэчлэл хийх шаардлагатай байсан. 

Би танд хэдхэн тоо хэлье. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар 60,7 мянган ажил олгогч ажилтныхаа НДШ-ийг төлсөн байна. Нэг сая 161 мянган албан журмын даатгуулагч буюу ажил хөдөлмөр хийж, орлого олж байгаа хүн шимтгэл төлсөн. Энд сайн дураар даатгалд хамрагдсан иргэдийг оруулаагүй. Тэгэхээр энэ бол төдий хэмжээний ажиллах хүчний нийгмийн эрсдэлийг даван туулах, зохицуулах хөрөнгө санд төвлөрч байдаг гэсэн үг. 

-Шинэчлэл эхлүүлэх шинэ хуулиас бид юуг хүлээж болох вэ?

-Шинэчлэл хийх шинэ хуулиар нэгдүгээрт бид санхүүжилтийн хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих алхам хийж байна. Хоёрдугаарт,  тэтгэврийн нөөц санг бүрдүүлж, үүнтэй уялдсан байдлаар олон давхраат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавьж байгаа. Одоо бол манайх ганц давхаргат тогтолцоотой. Гуравдугаарт, тэтгэврийг өвлүүлэх асуудлыг шинэ хуулиар боловсронгуй болгоно. Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Та мэдэж байгаа байх “Капитал” банканд мөнгөө алдчихсан, “Чингис хаан” банканд байршуулсан мөнгө эрсдэлтэй болсон гэхчилэн асуудлууд байдгийг. Энэ нь тухайн үед гарсан шийдвэртэй холбоотойгоор сангийн буюу шимтгэл төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулсан асуудал. Тиймээс шинэ хуулиар ийм эрсдэлд оруулахгүй байх зохицуулалтыг хийж өгсөн. Тавдугаарт, ажил олгогч болон даатгуулагчид чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нөхцөл байдалд нийцсэн уян хатан хэлбэртэй болгох, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх шинэчлэлийг зохицуулсан. Өмнө нь хийгээд эхэлсэн эдгээр асуудлуудыг зохицуулах механизмыг шинэ хуульд тусгасан.   

-Хууль гарах, хуульчлах сайн хэдий ч түүний хэрэгжилтийг хангахад гол асуудал байдаг байх?

-Одоо бидний ярих зүйл нь хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах. Бүрэн хангуулахтай холбоотойгоор ойрын хугацаанд шийдвэрүүд гарч байна л даа. Жишээ нь, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Нийгмийн даатгалын сантай холбоотой үндэсний хэмжээний томоохон бодлого, шийдвэрийг гаргадаг. Санд хэдэн төгрөг байна, энэ хөрөнгийг хэрхэн яаж удирдаж зохицуулах вэ гэдгийг бодлогын түвшинд шийдвэрлэдэг. 

Шинэ хуулиар ийм шийдвэрийг Үндэсний зөвлөл дангаараа гаргахгүй. Дэргэд нь Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулж, гаргах гэж буй шийдвэрийг үнэлж дүгнэн, хяналт тавьдаг болгосон. Жишээ нь, шинэ хуулиар Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг   санхүүгийн эрсдэлгүй арга хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэдгийг заасан. Тухайлбал, Монголбанкнаас үйл ажиллагааг нь эрсдэл багатай системийн нөлөө бүхий  гэж зарласан арилжааны банканд энэ мөнгийг хүүтэй байршуулах зохицуулалттай холбоотой шийдвэр гаргахын тулд эхлээд НДҮЗ-ийн дэргэдэх аудитын болон санхүүгийн түвшинд зөвлөгөө өгдөг мэргэжлийн хороод ажиллаж дүгнэлт гаргана. Урьд нь эрх бүхий субъект голлон шийдвэр гаргадаг ч юм уу, эсвэл НДҮЗ мэргэжлийн бус учраас алдаатай, зөрүүтэй шийдвэр гаргах эрсдэл байсан бол шинэ хуулиар эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг оруулж өгсөн.  Мэргэжлийн хороодын зөвлөгөө, дүгнэлт болон Үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг Олон нийтийн хяналтын зөвлөл хянана. Жишээ нь, НДС-гийн мөнгийг Монголбанкны эрсдэлгүй гэж дүгнэсэн арилжааны банкуудаас нь сонгож, зөв хүүтэйгээр байршуулсан уу гэдэгт хяналт тавих боломжтой болсон нь  шинэ хуулийн давуу тал.

Хоёрдугаарт, энэ санг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэл рүү орж байна гэсэн үг. 

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулж, Үндэсний зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, УИХ дээр сонсгол хийж томилдог болсон. Гэхдээ сонсгол гэхээр сонсоод өнгөрөх биш  нэр дэвшигчийг хөндлөнгийн экспертүүдээр үнэлүүлж сонгодог болсон нь засаглалын хувьд аль болох мэргэжлийн тал руу чиглүүлж, сангийн  менежментийг сайжруулах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. 

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах шийдвэрийг НДҮЗ гаргасан. Энэ шийдвэр дээр Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөл сайн ажиллаж чадсан уу?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг  арилжааны банканд байршуулах гэдэг дээр Мэргэжлийн хороо дүгнэлтээ гаргаад Олон нийтийн хяналтын зөвлөл хяналтаа тавиад явж байгаа юм билээ. Бидний хувьд энэ шинэвтэр хэдий ч дэлхийн 170 орчим улс хийгээд хэрэгжүүлээд ирсэн сайн туршлага. Энэ сайн туршлагыг хэрэгжүүлэхийг хуульчилсан учраас аудит, хөрөнгө оруулалтын чиглэлийн шийдвэрүүд мэргэжлийн түвшинд гарч чадсан гэдэгт итгэлтэй байгаа. 

-Заавал арилжааны банканд байршуулах шаардлага байсан уу?

- Сангийн мөнгөн хөрөнгийг зохистой санхүүгийн арга хэрэгслээр дамжуулан аривжуулах, мөнгө хөрөнгийг үнэ цэнийг өсгөж байх нь чухал зорилтуудын нэг юм. Шийдвэр гаргахдаа эрсдэлтэй гэж үзвэл сангийн мөнгийг Сангийн яамны Төрийн санд байршуулж, Засгийн газрын үнэт цаас  худалдаж авч болно.

Засгийн газрын бонд хамгийн эрсдэл багатай санхүүгийн бүтээгдлэхүүн тул үүнтэй уялдсан эхний шийдвэрийг гаргасан. 2024 онд нийгмийн даатгалын сангийн 300 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан нь сангийн хөрөнгийг 55 тэрбум төгрөгөөр өгсөх боломжтой болгож байна.

Үүний зэрэгцээ нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар сангийн чөлөөт үлдэгдлийг 105 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгдүүлнэ. Санд байгаа мөнгийг ямар нэгэн байдлаар өсгөж байж үнэ цэн нь алдагдахгүй. Түүнчлэн тэтгэвэр авагчдын нийгмийн хамгааллыг илүү баталгаатай хангах боломж бүрдэнэ. Шимтгэлээ хураагаад л буцаагаад тараагаад байхаасаа илүүтэй байгаа мөнгөө зохистой түвшинд менежмент хийж арвижуулж байх ёстой юм. Гэхдээ хамгийн эрсдэл багатайгаар. 

Өмнөх гашуун туршлага буюу сангийн мөнгийг үйл ажиллагаа нь доголдсон эрсдэлтэй банканд хадгалуулснаас үүдээд буцааж авч чадахгүй хүндрэлтэй байдалд орсон. Гэхдээ эхнээс нь авч байгаа. Шүүхийн шийдвэр гарсан учраас авч л таарна, авах нь тодорхой. Хамгийн гол нь энэ хугацаанд сан эрсдэлээ үүрэхээс аргагүй болж байгаа юм. Цаашдаа энэ эрсдэлийг гаргуулахгүй байх талаас нь Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөл мэрэгжлийн түвшинд, илүү сайн ажиллах ёстой гэж боддог. Нийгмийн даатгалын бүх үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн учраас шилэн ил тод болсон. Энэ тохиолдолд үйл ажиллагаанд нь хяналт тавихад хүндрэл учрахгүй бөгөөд нийгмийн даатгалын тогтолцоонд шинээр орж ирсэн, хүлээлт өндөртэй сайн зохицуулалт юм. 

-Та хууль боловсруулахад оролцож байсан бас энэ чиглэлийн судлаачийн хувьд манайхтай адил түвшний улс орнуудад энэ туршлага хэр амжилттай хэрэгжсэн бэ гэдэгтэй танилцсан байх. Жишээ хэлж болох уу? 

-Манай нийгмийн даатгал зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жил болсон. Яг бидэнтэй адилхан, ижил төстэй гэвэл постсоциалист буюу социалист системээс ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засаг руу шилжсэн улсууд байна.  Бид энэ хуулийн төслийг боловсруулах явцад манайтай адил тогтолцоотой есөн улсын экспертүүдтэй Дэлхийн банкны шугамаар хамтарч ажилласан.  Балтийн тэнгисийн орнууд Латви, Эстони, Зүүн Европын Чех, Унгар, Словени, төв Азийн Казахстан зэрэг улс яг манайхтай адилхан шилжилт хийгээд нийгмийн даатгалын шинэ системийг нэвтрүүлэх явцдаа сангийн хөрөнгийг зохистой удирдах тал дээр тодорхой туршлага хуримтлуулсан юм билээ. Хамгийн гол нь захиргааны байгууллага өөрөө удирдаад өөрөө шийдвэр гаргаад явах биш захиргааны байгууллагын дэргэд мэргэжлийн бүтцүүд байснаар зөв болно. Олон улсын жишгээр санг удирдаж тодорхой үр дүнд хүрснээ хэлж байсан. Энэ талаас нь харсан ч үүнийг сайн туршлага гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. 

-Манайх эв санааны зарчим дээр суурилсан даатгалын тогтолцоотой. Яагаад гэвэл би шимтгэл төлөхгүй байсан ч өндөр насанд хүрэхээрээ надад даатгалын сангаас тодорхой хэмжээний тэтгэвэр тэтгэмж өгнө. Гэтэл үүнийг хүмүүс ойлгодоггүй. Яагаад ажил хийгээгүй хэрнээ миний төлсөн шимтгэлээс өөр нэг хүн тэтгэвэр авах ёстой юм бэ гэдэг эргэлзээ иргэдэд байдаг. Шударга биш санагдах энэ зүйлийг  зохицуулах боломж байдаг уу? 

-Бид нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Монгол Улс нийгэм, улс төр, эдийн засгийн шилжилт хийгээд 30 гаран жил болж байгаа. Энэ 30 гаран жилийн хугацаанд бидэнд хамгийн тохиромжтой нь эв санааны зарчимд суурилсан тогтолцоо байсан. 

Монгол Улс 1958 онд Тэтгэврийн тухай хуулийг анх баталсан. Түүнээс хойш 1994 он хүртэл ажилтны нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийг төр хариуцдаг байв. 1994 онд Нийгмийн даатгалын тухай хуулийг баталсан. Шилжилтийн үеийн энэ хууль батлагдсанаар ажил хийж байгаа хүний шимтгэлийг ажилтан, ажил олгогч хариуцдаг болсон. 1995 оноос ажил олгогч ажилтан төр 3 талаас оролцоотой нийгмийн даатгалын сан гэсэн шинэ тогтолцоо ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө ямар нэг мөнгөтэй сан байгаагүй, тэтгэврийг төр бүрэн хариуцаж байсан. Төрийн тусгай албан хаагчид гэдэг ч юм уу тодорхой бүлгийнхнийг л төр одоо ч хариуцдаг.  Тэгтэл тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн шимтгэл нь санд байхгүй нөхцөлд эрсдэлийг бид яаж давах вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Тиймээс одоогийн шимтгэл төлж байгаа хүмүүсийн төвлөрүүлсэн орлогоор тэтгэврийг тавьдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын энэ загвар, тогтолцоо шилжилтийн болон түүний дараах жилүүдэд хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсийн нийгмийн хамгааллыг зохих түвшинд хангах үүргээ хэрэгжүүлж чадсан.   

Нийгмийн даатгалын хуулийг шинэчлэх шаардлага нь шинэ  нөхцөлүүд гарч ирсэнтэй холбоотой юм. Хүн амын насжилт нэмэгдэж, тэтгэвэр авах жил уртасч байгаа нөхцөлд нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэх эрсдэл тулгамдахаар байна. Яг таны сая ярьсан шиг би шимтгэл төлөөд байдаг гэтэл миний шимтгэлийг хүн тэтгэвэр болгож аваад байна, би үүнээсээ илүү хувь хүртэх ёстой гэдэг зүй ёсны шаардлага тавиад байна шүү дээ. Тэгэхлээр үүнийг яаж зохицуулах вэ, ямар шилжилт хийх вэ гэдэг үүднээс хуулийг шинэчилж хуваарилалтын зарчмаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжээд яваандаа бүрэн хуримтлалд шилжиж байж төлсөн шимтгэлээ тэтгэвэр хэлбэрээр буцаан авах эрх тэгш зарчмыг үйлчлүүлэх нь зүйтэй юм. Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох суурийг 2023 оны Нийгмийн даатгалын багц хууль хийсэн гэж ойлгож болно. Гэхдээ энэ суурь дээр тулгуурлан шинэчлэлийг бүрэн хийх шаардлага тавигдаж байна.  

-Шинэ хуулиар тэтгэвэр тогтоох зарчимд өөрчлөлт орсон уу?

-Тэтгэврийг  авсан цалингаас, төлсөн шимтгэлээс тооцох гэсэн үндсэн хоёр аргаар тогтоож байгаа. 1960 оноос өмнө төрсөн хүний тэтгэврийг цэвэр цалин дээр суурилсан байдлаар тогтоодог бол 1960-1979 онбы хооронд төрсөн хүмүүсийнхийг шимтгэл дээр суурилсан юм уу, эсхүл цалинд суурилснаас сонголттойгоор тогтоож байна. 1979 оноос хойш төрсөн бол шимтгэл дээр суурилсан байдлаар тогтооно. Шимтгэл дээр суурилсан байдлаар тогтоох шилжилт гэдэгт та хэдий хэмжээний шимтгэл төлсөн тэр хэрээр тэтгэвэр авна гэсэн үг. Энэ бол хамгийн шударга зарчим учраас энэ тогтолцоо руу шилжих нь зөв гэж байгаа юм. 

-Насаараа ажилласан хэрнээ огт ажил хийж шимтгэл төлж байгаагүй хүнтэй адил хэмжээний тэтгэвэр авч байна гэсэн гомдол их байдаг. 

-Тийм гомдол их байгаа нь үнэн. Жишээ нь, насаараа хөдөлмөрлөж, олон жил тасралтгүй шимтгэл төлсөн хүн огт шимтгэл төлөхгүй явж байгаад нөхөн төлөх байдлаар ажилласан жилээ тооцуулсан хүнтэй адил хэмжээний тэтгэвэр авч байгаа нь шударга бус биз дээ. Энэ нь тухайн үед улстөрчдийн гаргасан шийдвэрээс үүдэлтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед нийгмийн шилжилтийн явцад орхигдсон зарим нэг хэсгийн шаардлагад хэт хөтлөгдөж шийдвэр гаргаснаар ажилласан жил нь тасарсан хүмүүсийн шимтгэлийг нөхөн төлүүлээд тэтгэвэрт гарах боломжийг нь олгосон. Хэдийгээр нэг талдаа тэр хүний нийгмийн хамгааллын баталгааг хангасан юм шиг мөртлөө яг бодит байдал дээр тасралтгүй шимтгэл төлж байсан хүмүүстээ эрх тэгш биш хандсан. 

Шинэ хуулиар ийм шийдвэр гаргахгүй байхаар зохицуулсан. Гаргаж угаасаа болохгүй юм. Мэргэжлийн биш улс төрийн шийдвэр хамаагүй гаргаснаас болоод нийгмийн даатгалын тогтолцоог эрсдэлд оруулсан. Сангийн удирдлага мэргэжлийн биш болоход маргааш нь сангийн үйл ажиллагаа айхавтар эрсдэлд орох тул үүнийг хаах зохицуулалтыг шинэ хуульд оруулсан. 

-Тэтгэвэр өвлүүлэх гэдэг манай улстөрчдийн ярих дуртай сэдэв. Шинэ хуулиар энэ тал дээр ахицтай ямар алхмууд хийх боломж бүрдэв? 

-Тэтгэвэр өвлүүлэх гэдэг цоо шинэ зүйл ерөөсөө биш. Манай өмнөх хуульд ч байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж олгож байсан одоо ч олгож байгаа. Эцэг эхийнх нь хэн нэг нас барсан тохиолдолд төлж байсан шимтгэл, авч байсан цалин хөлснөөс нь тооцож хүүхдэд нь насанд хүртэл олгодог тэтгэвэр. Мөн тэжээгчээ алдаж харж хандах хүнгүй үлдэж байгаа өндөр настанд олгодог нь өвлүүлэхийн нэг хэлбэр юм. 

Одоо тэтгэвэрт гарсан гэр бүлийн хоёр өндөр настны нэг нь бурхан боллоо гэхэд үлдсэн хүнд нь тэтгэврийнх нь 20 хувийг нэмж олгодог хэлбэр рүү орсон, цаашид илүү боловсронгуй болгоод явах нь зөв юм. 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 790 мянган төгрөг болсон. Гэтэл тэтгэврийн доод хэмжээ үүнээс доогуур байгааг нэмэгдүүлэх үү? 

-Хуульд тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляцтай уялдсан байдлаар жил бүр нэмэгдүүлдэг байх зохицуулалт бий. Чухам ямар хэмжээгээр яаж нэмэх вэ гэдэг тооцооллыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гаргаж Засгийн газар батална. 

Инфляц жил, улирал, сараараа тодорхой гарч байна. Үүнийг харгалзан сангийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд тооцож үзээд ирэх жилийнхээ тэтгэврийн нэмэгдлийг тогтоох зохицуулалттай юм. 
 
-Нийгмийн даатгал хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлал руу шилжихэд ямар нөхцөл зайлшгүй бол?

Одоо ажил хийж байгаа залуучуудын хувьд хуримтлалын сандаа мөнгөтэй болчихсон, тэндээсээ тэтгэврээ тогтоолгоход хэрэглэх боломжийг нээсэн эхний алхамыг хийлээ. Цаашид нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор энэ түрүүнд 2023 оны 7 дугаар сард баталж, 2024 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, үүний зэрэгцээ тогтолцооны шинэчлэлийг бүрэн дүүүрэн болгох үүднээс нийгмийн даатгалын багц хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн шинэчлэлийг бүрэн хийх зайлшгүй шаардлага байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54637