Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой Аудитын ерөнхий газрын дүгнэлтийн талаар тус сургуулийн багш нар мэдээлэл өглөө.
"Удирдлагын академи"-ийн ахлах багш Б.Ганзориг "Удирдлагын академийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс нэлээд зөрчил гарсан. Тиймээс зөрчлийг арилгуулах чиглэлд багш, ажилтан, албан хаагчдын хувьд арга хэмжээ авхуулах шаардлагатай гэж үзэж байна.
2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд албан тоот хүргүүлсэн.
Энэхүү албан тоот нь "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил удаа дараа үйлдсэний учир" гэсэн агуулгатай.
Тухайлбал,
- 2024 оны байдлаар буюу 1 жилийн хугацаанд 2 тэрбум гаруй төгрөгийн худалдан авах ажиллагаа болон бусад зүйлтэй холбоотой зөрчил илэрсэн байгаа. Энэ нь санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээс харагдаж байна.
- 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий баримтат уран сайхны киног хийлгэхэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүй, шууд худалдан авалтын аргаар гэрээ байгуулсан. Энэ нь авлигын шинжтэй гэж үзэж байна.
- ЗГХЭГ-аас 1.2 орчим тэрбум төгрөгийг 100 жилийн ойн баярын арга хэмжээг зохион байгуулахтай холбоотойгоор төсөвт тусгаж өгсөн байдаг. Гэвч энэхүү төсвийг тэрбум гаруй төгрөгөөр буюу 2.2 орчим тэрбум төгрөгөөр зохион байгуулсан.
Дээрх байдлаар олон зөрчил гарсан" гэв.