УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Оюутолгой", "Онтрэ" компанийн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр, " Манай улсын стратегийн чухал орд газар болох асар их баялагтай газар нутаг Канадын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг, 450 сая долларын зах зээлийн битүүмжтэй "Онтрэ" ХХК дээр өнгөрсөн хугацаанд байсаар ирсэн. 2025.02.03-ны өдөр "Оюутолгой" ХХК, "Онтрэ" ХХК гэх хоёр компани хамтран ажиллах, ашиг хуваах гэрээгээ арбитрын шүүхийн гаргасан нөхцлөөр 76 хуудас гэрээгээр албажуулсан.
Оюутолгойн бүлэг орд бол Монгол Улсын хамгийн сор болсон стратегийн орд газар. Дэлхийн шилдэг алт, зэсний орд шүү дээ. Гэтэл энэ орд дээр гадны хоёр компани манай улсын ямар ч оролцоогүйгээр гэрээ хийж албажуулсан байна. Бид Үндсэн хууль болон ашигт малтмал олборлох бусад хуулиар тус орд газрын 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших, эсвэл АМНАТ-аар орлуулах эрхтэй.
Яагаад "Онтрэ" чухал вэ гэхээр Оюутолгойн нийт хүдрийн 30 хувийг, алтны 40 хувийг, зэсийн 24 хувийг, мөнгөний 29, молибденийн 94 хувийг энэ компани хоёр тусгай зөвшөөрлөөрөө эзэмшиж байна. 62 мянган м кв талбайг хамардаг.
76 хуудас гэрээг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээтэй харьцууллаа. Хөрөнгө оруулалтын гэрээ 54 хуудастай. Талууд энэ гэрээгээр ашгаа 20/80 хувиар хуваахаар тохирчээ. Монголын талын эрх ашиг хаана байна вэ? Энэ нь эмгэнэл юм.
Оюутолгойн гэрээн дээр манай улс яагаад ногдол ашиг авч чаддаггүй вэ гэвэл тус компаниас бид маш том зээлийг маш өндөр хүүтэй авдаг. Ойролцоогоор 10 орчим хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл энэ "Онтрэ" ХХК одоо эзэмшиж байгаа орд газраа ашиглахын тулд Оюутолгойгоос зээл авч ашиглаад эргүүлэн төлөх гэрээтэй юм байна. Зээлийн хүү нь 2,5-хан хувь байх жишээтэй.
2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг яагаад байгуулсан бэ гэвэл Оюутолгойн зэс, молибденийн бүлэг ордын гурван лицензтэй талбайг эзэмшиж байсан учраас гэрээгээ байгуулсан. Үлдсэн хоёр лицензийг "Онтрэ" ХХК эзэмшиж буй учраас Монгол Улсын Засгийн газар уг лиценз эзэмшигчтэй хэлэлцээрт орох ёстой.
2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ рүү энэ хоёр лицензийг чирж авчрах юм бол 2009 оны гэрээний 15-ын 5 дугаар заалт буюу одоо байгаа гэрээг нэмэлт өөрчлөлтөөр шийдвэрлэнэ гэж тусгасан байгаа учраас энэ хоёрын нэгээр шийдэх ёстой.
" гэв.