ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1550 бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 67.6 хувь нь буюу 1048 тохиолдол нь бүрэн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт шинээр 63 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол Улаанбаатар хот болон 10 аймагт шинээр өвчлөл нэмэгдсэн байна.
Дийлэнх нь буюу 1098 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж байгаа. Эмнэлэгт 30 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Ихэнх нь сургууль дээр илэрч, өвчлөл нэмэгдэж байна. Нийт 50 гаруй сургууль дээр улаанбурхан өвчний халдвар бүртгэгдсэн.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 93.4 хувь нь хэвтэн эмчлүүлээд гарч байна. Мөн Архангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв аймагт батлагдсан тохиолдлууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 2025 оны тавдугаар сарын 6-ны 21.00 цагийн орчимд менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл өгсөн.
ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн хамтран баг шуурхай арга хэмжээ авч ажиллан хуралдаж, гурав дахь хоногтоо бүтэн ажиллаж байна. Тухайн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тухайн суманд ажиллаж байна. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ч өнгөрсөн шөнө харьцангуй тогтвортой хоносон байна. Менингитийн үүсгэгч нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан" гэв.