"Тур де Кумано" олон өдрийн уралдаан Япон улсад амжилттай болж, өчигдөр өндөрлөлөө.
Хоёр гарааны дараах байдлаар Германы Wanty - Nippo - ReUz багийн япон дугуйчин Шюнсүке Имамура 2:55:44 амжилтаар түрүүлж, Team Solution Tech - Vini Fantini багийн серб дугуйчин Душан Ражович удаалж, Тайландын “Roojai insurance” багийн тамирчин манай ОУХМ Б.Тэгшбаяр тэргүүлэгчээс 21 секундын алдагдалтай долдугаар байрт явж байсан билээ.
Тэгвэл уралдааны явцыг өөрчилсөн эргэлт гуравдугаар гарааны үеэр болсон байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Куманод болсон 107.7 км-ийн уралдаанд Душан Ражович болон Шюнсүке Имамура нар олон минутаар хоцорсон бол, Team Solution Tech - Vini Fantini багийн англи дугуйчин Марк Стюарт, Terengganu Cycling Team багийн дани дугуйчин Матеас Брегной нар барианы өмнө тасралт хийж, арын тамирчдаасаа 45 секундын өмнө барианд орж ирсэн байна.
Улмаар өчигдөр болсон сүүлийн гараанд тэргүүлээ алдалгүй уралдсанаар нийлбэр дүнгээр Европын дугуйчид эхний байруудад оржээ.
Манай Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Тайландын “Роожай инсурэнс” багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр сүүлийн хоёр гараанд тогтвортой уралдаж, долдугаар байраа хадгалсаар дуусгасан байна.
Манай тамирчин багаасаа хамгийн өндөр амжилт гаргасан байна. Баг нь наймдугаар байрт оржээ.