Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.05.12/ Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай болж, Говийн бүсийн 1000 гаруй төлөөлөгч бүсийнхээ хөгжлийн асуудлаар хэлэлцэн тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжиллаа. Мөн говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд үндсэн таван салбар хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал зөвлөмжийг тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Бүсийн зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.
Говийн бүсийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээ зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Говийн бүсэд бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр:
- Зөвхөн бүс нутаг төдийгүй, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөө үзүүлнэ
- Орон нутагт ажлын байр, амьдрах нөхцөл боломж нэмэгдэнэ.
- Хот суурин газрууд дахь хөдөлмөрийн хэт төвлөрөл саарна.
- Дэд бүтэц, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөж, хөгжүүлнэ.
- Аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн салбарыг бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, хувь хүнийг дэмжин ажиллана.
- Бүсийн оршин суугчдад эрүүл, аюулгүй, тэгш хүртээмжтэй орчныг бүрдүүлэх зэрэг нэн чухал ач холбогдолтой байгаа юм.
Говийн бүсийг БНХАУ болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлнэ.