Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Их хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Их хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, албаны төлөөлөгчид, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон удирдлагууд, багш, эмч, сувилагч, оюутан залуусын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт судалгааны төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээнд хүрэлцэн ирсэн АШУҮИС-ийн удирдлага хамт олон, оюутан залуусын төлөөлөгчдөд болон бүтээн байгуулалтад оролцож байгаа бүх хүн, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийлж амжилт хүсэн, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.
АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт судалгааны төв нь 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөө танхим, хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэрэгтэй байх юм. Энэ төв нь олон улсын чиг хандлагад нийцсэн иж бүрэн төлөвлөлт, орчин үеийн шийдэл бүхий ухаалаг систем, тоног төхөөрөмжтэй, сувилагчдыг сувилахуйн бүх шатны тасралтгүй сургалтад хамруулж, судалгаа, хөгжлийг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.