
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцож байна.
Байршил болон техникийн үзүүлэлтийн хувьд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, ТавантолгойГашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 979 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 5 багц ажлаас бүрдэнэ.
Газрын байршлаас шалтгаалан 30 орчим метр өндөр гүүрэн байгууламжтай баригдах юм.
Нээлтийн ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Энэхүү түүхэн мөчийн гэрч болж, хоёр улсын хилийн заагт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдад, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ нарлаг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Монгол Улс БНХАУ-ын хооронд 1955 оны хэлбэрээр байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш хийж буй хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны ажил 70 жилийн дараа эхэлж байна. Энэ бол түүхэн өдөр юм. Та бүхэндээ талархал илэрхийлье. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж байсан. Тэрнээс хойш гурван сарын хугацаанд хурдтай хөгжлийн төлөө зориг гарган мэргэжлийн өндөр түвшинд шуурхай ажилласан хоёр улсын засгийн газрын байгууллагууд, төрийн албан хаагч, аж ахуйн нэгжүүд тэр дундаа "Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс Тавантолгой", "Чайна энержи" группийн хамт олон, ажлын хэсгийн сайд нар, мэргэжлийн эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлж, баяр хүргэе. Монгол Улсын хамтарсан Засгийн газраас 14 мега төслийг зарласан. Л.Гантөмөр, Т.Доржханд дарга нар маань хүрэлцэн ирсэн байна.
Том төслийг хөдөлгөнө том эрх ашгийг хөндөнө гэсэн үг. Том сорилтуудтай нүүр тулж, даван гарна. Тийм учраас 18 жилийн хугацаанд үргэлжилсэн энэ хэлэлцээр цэг тавьж, түүхийг бүтээж чадлаа.
Тавантолгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлүүдийн томоохон өрсөлдөөн, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын царигийн маргаан зэрэг асуудлууд нүүрсний зах зээлийн дотоод, гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг тавиулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явцуу эрх ашгаас үүдэн өнгөрсөн хугацаанд маш их цаг хугацааг алдсан. Харин өнөөдөр хоёр улсын Засгийн газар аливаа гурав дахь этгээдийг оруулахгүйгээр Засгийн газар хоорондын хэлэлцээрийг урт хугацаанд тогтвортой байгуулж, олон жилийн үл ойлголцолд цэг тавьж чадлаа.
Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, парламентад суудалтай улс төрийн намууд, ажлын хэсгийн гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс БНХАУ-тай уулс усаараа холбогдсон мөнхийн хөрш орнууд билээ. Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь Замын-Үүд боомт, Энхтайваны гүүр, Улсын их дэлгүүр зэрэг хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болж, ард түмний сэтгэлд хоногшсон нэгэн том бүтээн байгуулалт болж Монгол Улс болон БНХАУ-ын эдийн засгийн түүхэнд тодоор үлдэнэ гэдэгт итгэлтэй байна." гэв.










