Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд ганцхан өргийн тоглолт үлдлээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж буй Монголын Б.Мөнгөнзул сүүлийн хоёр өрөгт Энэтхэгийн шатарчдыг дараалан хожиж ганцаараа 7.0 оноотой болж тэргүүлж эхэллээ.
Түүний араас Энэхтхэг, ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистаны зургаан шатарчин адил 6.0 оноотой жагсаж байна. Тэмцээнийг эхний өргөөс эхлэн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан Б.Мөнгөнзул өчигдөр болсон найм дахь өрөгт Энэтхэгийн С.Шэшадриг хожиж, ганцаараа 7.0 оноотой тэргүүлж эхэлсэн. Тэрээр өнөөдөр сүүлийн өрөгт 6.0 оноотой зургадугаар байрт бичигдэж байгаа Энэтхэгийн шатарчин Вантика Агравалтай тоглохоор оноолт таарчээ.
Мөн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж буй Монголын Б.Мөнгөнтуул 5.5 оноогоор 10-р байрт жагсаж байна. Тэрээр өнөөдөр болох сүүлийн тоглолтод Казахстаны шатарчин Валабаеватай тоглохоор оноолт таарчээ. Б.Мөнгөнтуулын өрсөлдөгч 6,0 оноогоор тавдугаар байрт жагсаж байна.
Эрэгтэйчүүдийн ангилалд тоглож буй манай улсын шатарчдаас Г.Амартүвшин 5,0 оноогоор 30-р байр руу дэвшсэн бол С.Чингүүн 47-р байрт жагсаж байна.