ОУ-ын нислэгийн удирдагчдын холбоодын эвслийн 64-р Их хуралд Монгол Улсын ТӨЛӨӨЛӨГЧИД оролцлоо

Arslan.mn

Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл (IFATCA) -ийн 64 дүгээр их хурал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд “Recruitment&Training: The Flight Plan for the Future” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Энэхүү хуралд тус эвслийн 132 гишүүн орноос 103 орны 600 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь эвслийн хамгийн олон төлөөлөгч оролцсон хурал болсон байна. Монголын нислэгийн удирдагчдыг төлөөлөн тус хуралд Монголын нислэгийн удирдагчдын холбооны гишүүн, НХҮА-ны Бүсийн ажиглалтын нислэгийн хөдөлгөөний удирдагч Г.Нямбат мөн тус албаны Ойртолтын ажиглалтын нислэгийн хөдөлгөөний удирдагч Д.Нямгэрэл нар оролцлоо.

Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл (IFATCA) -ийн 64 дүгээр их хурлаар тус эвслийн дотоод үйл ажиллагаа болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэргэжлийн чиглэлээр өнгөрсөн жилд боловсруулсан нийт 125 баримт бичиг, судалгааг 3 хорооны хурлаар хэлэлцсэн байна. Тухайлбал А хорооны хурал IFATCA-ийн захиргаа, дотоод үйл ажиллагаа, B хорооны хурлаар нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглах температур, даралтын тохиргоо, АТМ системийн харилцан зохицол зэрэг технологи, үйл ажиллагааны тухай, С хорооны хурлаар Аюулгүй ажиллагааны эерэг соёл, High Reliability Organisation, Хүрээлэн буй орчны тогтвортой байдалд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хувь нэмэр зэрэг сэдвүүдээр хийсэн судалгааг танилцуулж, холбогдох бодлогын баримт бичигт батлан оруулсан байна. Ойртолтын ажиглалтын нислэгийн хөдөлгөөний удирдагч Д.Нямгэрэл нь тус эвслийн Ази-Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд энэхүү хурлын С болон B+C хамтарсан хорооны хурлын дэд даргаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Олон улсын нислэгийн хөдөлгөөний удирдлагад нэн тулгамдаж буй асуудал болон нислэгийн хөдөлгөөний удирдагчдын хүний нөөц, сургалтын асуудалд голлон анхаарал хандуулах үүднээс хүний нөөцийг бүрдүүлэх, сургах сэдвийн дор 2 жил дараалан тус хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд ирэх жилийн буюу 2026 оны 65 дугаар хурал нь Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдахаар боллоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54816